Морины нуруунд ачаалал бага өгөхийн тулд хурдны морьдоо уяачид бага насны хүүхдээр унуулдаг. Монгол Улсад хөдөлмөр эрхлэх насны доод хязгаарыг 16 гэж заасан ч наадамд наймаас доош насны хүүхэд хурдны морь унахыг хориглосон. Мөн өвөл морь уралдуулах, холын зайд бэлтгэл хийхийг хязгаарласан. Өвөл, хаврын улиралд газар гэсээгүй, халтиргаатай замд морь урал дуулах эрсдэлтэй. Гэвч эдгээр журмыг хэрэгжүүлдэггүйн улмаас хүүхдийн эрхийг зөрчиж байна гэж хүмүүс шүүмжилснээр 2019 онд Засгийн газар арваннэгдүгээр сараас тавдугаар сар хүртэл хурдан морины уралдаан, сунгаа, үсэргээ зохион байгуулахыг хориглосон шийдвэр гаргасан юм. Түүнчлэн Засгийн газрын 2025 оны нэгдүгээр сарын 29-ний хуралдаанаар хэлэлцсэн өвөл, хаврын хурдан морины уралдааныг нээх, эсэх асуудлаарх Засгийн газрын тогтоол албажсан байдаг. Уг тогтоолд өвөл, хаврын улиралд зохион байгуулах хурдан морины уралдаанд 18-аас доош насны хүүхдийг оролцуулахгүй байх шийдвэр баталсан юм. НҮБ-аас хүүхдийг хурдны морь унуулахаар ажиллуулахгүй байх хүсэлтийг Монгол Улсын Засгийн газарт өгч, энэ нь “Хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэр” гэж тодорхойлсон байдаг.
Тэгвэл Монголын морин спорт, уяачдын холбооны тэргүүлэгчдийн энэ оны анхдугаар хуралдаан уржигдар болж, таван асуудал хэлэлцжээ. Үүнд уламжлалт “Дүнжингарав” хаврын уралдааныг сэргээн зохион байгуулах шийдвэр гаргаж, их нас, соёолон, сонгомол дунд нас гэсэн ангиллаар тавдугаар сарын 1-нд зохион байгуулахаар тогтов. Мөн аймаг, салбар холбооноос ирүүлсэн “улсын чанартай бүсийн хурдан морины уралдааныг орон нутагт зохион байгуулах тухай” саналыг хэлэлцэн хурдан морины зуны бү сийн уралдаан хийхээр ярилцсан байна. Говийн бүсийнхийг Дундговь, зүүн бүсийнхийг Сүхбаатар, баруун бүсийнхийг Завхан, төвийн бүсийнхийг Сэлэнгэ аймагт Үндэсний их баяр наадмын дараа долоодугаар сарын 24-26-нд зохион байгуулах саналыг Монгол Улсын Засгийн газарт уламжлах гэнэ.