Монголын зохиолчдын эвлэл (МЗЭ)-ийн XIX их хурал өнгөрсөн баасан гарагт Улаанбаатар хотноо боллоо. Их хурлаар эвлэлийн ирээдүйн зорилго чиглэл, цаашид хэрэгжүүлэх бодлого, үйл ажиллагааны талаар хэлэлцсэн бөгөөд удирдлагын бүрэлдэхүүнийг буюу Удирдах болон Хяналтын зөвлөлийн дарга, бага хурлын гишүүдийг шинээр томилсноороо онцлогтой. Чуулганд МЗЭ-ийн 360 гишүүн оролцсон бөгөөд тэднийг төлөөлөн ахмад гишүүн, МЗЭ-ийн шагналт Дамбын Цогт-Очир хурлыг нээж үг хэлэв.
МЗЭ-ийг сүүлийн дөрвөн жил удирдсан Б.Ичинхорлоо “4х4” мөрийн хөтөлбөрийнхөө тайланг тавьж, 2022-2025 онд хэрэгжүүлсэн бодлого, баримталсан зарчим, ололт амжилт, цаашид анхаарах асуудлуудаа хэлэлцүүлжээ. Түүнчлэн их хурлаар МЗЭ-ийн дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг хэлэлцүүлж, засвар хийн батлахаар шийдвэрлэсэн байна. Мөн МЗЭийн Удирдах зөвлөлийн даргын сонгуульд Соёлын гавьяат зүтгэлтэн, Д.Нацагдоржийн шагналт зохиолч, яруу найрагч, хэл бичгийн ухааны доктор зэрэг цол гуншинтай зургаан хүн нэр дэвшин, мөрийн хөтөлбөрөө танилцуулан өрсөлдсөнөөс олонхын саналаар МУИСийн багш, дэд профессор, хэл бичгийн ухааны доктор Дагийраазайн Нямдорж тэргүүлжээ. Тэрбээр МЗЭ-ийг цаг үетэйгээ нийцсэн байгууллага болгон шинэчлэхийн төлөө хичээн ажиллахаа илэрхийлсэн аж.
М.Гэгээ