Нийслэлийн удирдах ажилтнуудын өчигдрийн ээлжит шуурхай зөвлөгөөнөөр Улаанбаатар хотын хэмжээнд хэрэгжүүлж буй томоохон бүтээн байгуулалтуудын ажлын явц, хэрэгжилтийг хэлэлцлээ. Тухайлбал, Туулын хурдны замын түр барилга, байгууламжийн ажлын гүйцэтгэл 32.4 хувьтай, материалын хангамж, талбайн хайгуул судалгааны хүрээнд хийсэн геодезийн хэмжилт бүрэн дууссаныг холбогдох албаныхан тайлагнав. Инженер геологийн ажлын хүрээнд 40 цооног өрөмдөж, зураг төслийн хүрээнд шугамын сонголт, ерөнхий байрлалын чиг зургийг баталсан байна. Мөн авто зам, гүүрний хоолой, үерийн далангийн нарийвчилсан зураг төслийн ажил 92.9 хувьтай үргэлжилж буй гэв.
Тэгвэл дулааны V цахилгаан станц барих төслийн хүрээнд 26 нэгж талбар газар чөлөөлөхөөс одоогоор 20ийг нь бэлэн болгожээ. Түүнчлэн дүү жин замын тээврийн барилгын ажлын явц 54 хувьтай, Яармаг, Арцат-Өнөр хороолол чиглэлд нийт 19 тулгуур багана суурилуулахаас 18-ыг нь угсарч дууссан аж. Уг ажлын хүрээнд 125 чингэлэг бүхий тоног төхөөрөмжүүдийг хүлээн авч, 28 кабиныг агуулахад хүргүүлсэн байна. “Нэгдүгээр тойрог зам”, “Улаанбаатар метро” төслийн тендерийг ирэх гурав, тавдугаар сард нээнэ гэхчлэн бүтээн байгуулалтуудыг төлөвлөгөөний дагуу урагшлуулж буйг танилцуулав.
О.Оргилох