Олон улсад зорчих хөдөлгөөн ихэссэн, байгалийн халдварт өвчний эрсдэл өндөр хэвээр байгааг эрдэмтэн, судлаачид анхааруулах боллоо. Тодруулбал, энэ онд дөрвөн төрлийн аюултай вирус эрсдэл үүсгэж болзошгүйг тэд анхааруулсан юм. Сармагчны цэцэг, улаанууд, шувууны томуу, оропуче вирус (шумуул) эдгээр халдвар нь мутацид орж, дэлхийн өөр өөр бүс нутагт хурдан тархаж байгаа нь санаа зовоосон асуудал болсныг эрдэмтэд онцолжээ. Өөрөөр хэлбэл, болзошгүй энэ аюулыг “өвчин Х” гэж нэрлэж буй бөгөөд хэрэв үр дүнтэй эмчилгээ, вакцин цаг тухайд нь бий болгохгүй бол шинэ өвчин дахин дэгдэж, хатуу хязгаарлалт тогтоох эрсдэлтэйг сануулав.
Одоогийн байдлаар АНУ-д аденовирус хурдтай тархаж буй аж. Энэ вирусийг ханиад, томуутай андуурах тохиолдол түгээмэл бөгөөд амьсгалын зам, нүд, бөөр болон бусад эрхтнийг гэмтээдэг, хүнээс хүнд халдварладаг гэнэ. Ялангуяа хүйтний улиралд идэвхжил нь нэмэгддэг байна. БНХАУ-д риновирусний халдвар дэгдэж, олон хүн өвчилж, гэнэтийн нас баралт нэмэгдэж буйг ХӨСҮТ-ийнхөн анхаарууллаа. Энэ нь шинэ халдвар биш, томуу төст, түгээмэл вирус хэдий ч дэлхий дахинд төдийгүй манай улсын хүн амын дунд жил бүр өвчлөл үүсгэж байна. Иймд амны хаалт зүүх, гараа савандаж угаах нь үүнээс сэргийлэх хамгийн үр дүнтэй арга гэнэ. Мөн урд хөрш рүү зорчихоос аль болох зайлсхийхийг ХӨСҮТ-өөс зөвлөв.
Ч.Болор