Дэлхийн дулаарлын улмаас өвлийн олимпын наадмыг зохион байгуулах боломжтой газруудын тоо эрс цөөрч буй тухай Олон улсын олимпын хороо (ОУОХ) хэлэлцэж байна. Энэ нь тус хорооны өвлийн уралдаан тэмцээн зохион байгуулах газрыг сонгох хорооны дарга Карл Штоссын танилцуулсан эрдэмтдийн судалгаанаас үүдэлтэй аж. Тодруулбал, Ватерлоо их сургуулийн профессор Д.Скотт, Инсбрукийн их сургуулийн багш Р.Штайгер нарын хийсэн судалгаагаар дээд зэрэглэлийн тэмцээн явуулахад хангалттай дэд бүтэц бүхий 93 байрлалаас ердөө 52 нь л 2050-иад онд өвлийн олимпын шаардлага хангахуйц цасны зузаан болон агаарын хэмтэй үлдэх гэнэ. Харин нүүрсхүчлийн хийн ялгарлыг 2080 он гэхэд хэр хэмжээнд бууруулснаас шалтгаалан шаардлага хангахуйц газрын тоо 30 болж цөөрөх бөгөөд XXI зууны дунд үе гэхэд өвлийн спортын уралдааныг хиймэл цасгүйгээр зохион байгуулах боломжгүй болохыг энэ үеэр онцолжээ. Улмаар өмнө нь өвлийн Олимпын нийслэлээр тодорч байсан Францын Гренобль, Шамони, Германы ГармишПартенкирхен болон Оросын Сочи зэрэг хотод 2050-иад он гэхэд цаг агаарын нөхцөл байдал тэмцээн явуулахад тохиромжгүй болох төлөвтэй гэнэ. Түүнчлэн Канадын Ванкувер, Босни Херцеговины Сараево, Норвегийн Осло, АНУ-ын Палисейдс Тахо зэрэг газар уур амьсгалын өндөр эрсдэлтэй бүсэд багтаж байгаа юм.
ОУОХ-ны төлөөлөгч К.Штосс уур амьсгалын өөрчлөлттэй холбоотойгоор өвлийн спортын төрөл, тамирчид болон үзэгчдийн тоог цөөрүүлэх, уралдаан тэмцээний товыг наашлуулах зэрэг асуудлыг хэлэлцэж байгааг онцоллоо. Учир нь олимп дууссанаас хойш хоёр долоо хоногийн дараа эхэлдэг паралимпын наадмын үеэр агаарын хэм нэмэгдэж, дулаардаг тул тэмцээн явуулахад хүндрэл учруулдаг байна. Хэрэв тоглолтуудын хугацааг гурван долоо хоногоор наашлуулбал зохион байгуулах боломжтой газрын тоо хоёр дахин нэмэгдэх боломжтой гэж эрдэмтэд үзэж буй юм.