Өвлийн улиралд ялангуяа хөдөө гадаа ажилладаг хүмүүс хүйтний стресст хамгийн их өртдөгийг Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төв (ХАБЭМТ)-өөс анхаарууллаа. Тодруулбал, мал аж ахуй, уул уурхай, барилга, зам засвар, аврах ажиллагаа, гудамжны худалдаа, тохижилт үйлчилгээний зэрэг салбарын ажил чид хүйтний стресст түлхүү өртөж, амь нас, эрүүл мэндээрээ хохирох нь элбэг гэв.
Даарч хөрснөөс болж хүмүүст ихэвчлэн зүрхний цохилт олшрох, амьсгал түргэсэх, толгой эргэх, ухаан балартах, чичрэх, шүдээ хавирах, гар, хөлөө хөдөлгөхөд хүндрэлтэй болох, арьс цайж “хайрагдах”, сэтгэл санаа тогтворгүйтэн, уурлаж бухимдах шинж тэмдэг илэрдэг байна. Улмаар эл байдал удаан үргэлжилбэл биеийн ерөнхий дулаан буурч, осгох аюултай. Иймд албан байгууллагууд хүйтний улиралд гадаа ажиллаж, амрах цагийг зохицуулах, дулаан байр, уураг, илчлэг сайтай хоол, хүнсээр хангах, ажилтнуудад хүйтний нөлөөллийн сургалт явуулах, чийг нэвтрэхгүй, амьсгалдаг материалтай хувцас өмсгөх, яаралтай тусламж үзүүлэх мэргэшсэн хүнтэй байх, эрүүл мэндийн урьдчилсан болон хугацаат үзлэгт тогтмол хамруулахыг ХАБЭМТ-өөс зөвлөлөө.
М.Гэгээ