УИХ-ын дарга болон Ерөнхийлөгч нар өнгөрсөн амралтын өдрүүдээр орон нутагт ажиллажээ. Төрийн тэргүүн Дундговь аймгийн Мандалговь хотод ажиллаж, иргэд, малчидтай уулзан, Тэмээчдийн улсын V зөвлөгөөнд оролцсон байна. Тэрбээр уг зөвлөгөөнийг нээж үг хэлэхдээ мал маллах арга ухаан, мэдлэг, туршлагыг үеэс үед өвлөн, таван хошуу малынхаа ашиг шимийг арвижуулан өсгөж ирсэн малчдад, тэр дундаа тэмээчдэд ард түмнийхээ нэрийн өмнөөс талархал илэрхийлэв. 20 жилийн өмнө манай улс 254 мянган тэмээтэй байсан бол өдгөө тоо толгой нь хоёр дахин өсөж, 501 мянгад хүрсэн байна. Мөн Төрийн тэргүүн санаачлан өрнүүлж буй үндэсний үйлдвэрлэлээ дэмжин, экспортлогч орон болох зорилт бүхий “Цагаан алт”, “Хүнсний хувьсгал” зэрэг хөдөлгөөний талаар мэдээлэл өглөө. Өсвөр тэмээ, ингэний ноос нь ямааны ноолууртай дүйцэхүйц чанартай хэмээн үнэлэгддэг, тиймээс дэлхийн зах зээлд тэмээний ноосон бүтээгдэхүүн өндөр үнээр борлогдож байгааг ч дурдав. “Монгол тэмээ” хэмээн олон улсад нэрлэдэг хос бөхт тэмээгээ эрт дээр үеэс дээдлэн, үлгэр, домог, дуу, шүлэгтээ алдаршуулан мөнхжүүлсэн нь монголчуудын ондоошил, бахархалт өв гэдгийг ч тэмдэглэлээ. Цаашид тэмээний ашиг шимийг сайжруулах, боловсруулах үйлдвэрийн хүчин чадлыг нэмэх, малчдын ашиг орлогыг нэмэгдүүлэх зэрэгт тэмээчдийн үүрэг, оролцоо, төр, хувийн хэвшил, малчдын хамтын ажиллагаа чухал байгааг хэллээ.
Тэгвэл УИХ-ын дарга Н.Учрал Дорнод, Сүхбаатар, Хэнтий аймагт ажиллаж, зүүн бүсийн иргэдийн төлөөлөлтэй уулзан парламентаас намрын чуулганаар баталсан хууль, тогтоомжуудыг танилцуулсан байна. Мөн бүс нутгийн хүрээнд хэрэгжүүлж буй бүтээн байгуулалт, эдийн засгийн ач холбогдол, хууль эрх зүйн хүрээнд иргэдийн санал бодлыг сонсов. Иргэд эрчим хүчний эх үүсвэрийг нэмэх, Ахмад настны болон Малчны тухай хуулийн хэрэгжилтэд анхаарч ажиллахыг хүсээд, дундаж цалин, тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэх шаардлага тавьсан байна. Бүс нутгийн онцлогт тохируулан түүхэн аялал жуулчлалыг хөгжүүлэхийн тулд зарим сумыг авто замаар холбох, мал эмнэлгийн салбарыг бодлогоор дэмжиж, боловсон хүчин бэлтгэхэд анхаарч өгөхийг иргэд мөн хүссэн юм.