ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх албаныхан мансууруулах бодис борлуулагч, хэрэглэгч, хилээр оруулж ирж наймаалдаг бүлэглэлтэй эрчимтэй тэмцэж буй. Тиймдээ ч өнгөрсөн долоо хоногт олны танил гэх нэгэн залууг баривчиллаа. “100- гийн хайр” гэх контент бүтээгч н.Эрдэнэт-Од хэмээх залуу биедээ 900 хүн нэг удаа хэрэглэх хэмжээний мансууруулах бодис авч яваад үйлдэл дээрээ баригджээ. Түүний авч явсан хар тамхи нь НҮБ-ын Мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай 1971 оны конвенцод багтсан байдаг аж.
Үүний өмнө ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх албаныхан 338 хүн нэг удаа хэрэглэх хэмжээний мансууруулах бодис авч явсан нэг бүлгийн дөрвөн этгээдийг баривчилсан юм. Тодруулбал, энэ сарын 15-16-нд шилжих шөнө Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт явуулсан мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой тэмцэх ажиллагаагаараа тус албаныхан тэднийг саатуулсан аж.