“Милан-Кортина 2026” өвлийн олимпын наадамд оролцох Монголын шигшээ багийн ёслолын болон чөлөөт хувцасны хослолыг өнгөрсөн баасан гарагт албан ёсоор танилцууллаа. “Гоёл кашмир” компанийн загвар зохион бүтээгчид, оёдолчид тамирчдын хувцсыг урлажээ. Тэд “Уламжлалт дээл хувцсыг орчин үеийн загварт хослуулахаас илүүтэй, агуу их түүх, өв соёлын салшгүй хэсэг болсон эртний монгол хувцасны соёлыг өнөө цагт дахин таниулж, дэлхий дахинд хүргэхийг машид зорьсон” хэмээсэн юм.
Манай улсын хамгийн хүчирхэг түүхэн үе болох XIII-XV зууны Их Монгол Улсын үеийн дээл хувцсыг үндэс болгон бүтээсэн энэхүү загвар нь хөдөлгөөнд саадгүй хормойн оноо, салхи, хүйтнээс хамгаалах мөөрөлжин зах, элэг тэвэрсэн битүү энгэр зэрэг уламжлалт шийдлийг хадгалсан бөгөөд зөөлөн тансаг монгол ноолуурыг гоёмсог торгоор эмжин, уламжлалт эвэр угалз хээг хатгаж, ёслол хүндэтгэлийн хэв маяг шингээснээрээ онцлогтой аж. Мөн монгол ноолуураар уламжлалт түүх, соёлыг хадгалсан ёслолын дээл болон барууны соёлд түгэн дэлгэрсэн уулын цанын ноосон цамцнаас сэдэвлэж, монгол гэр, ахуйн дүрслэлээр баяжуулсан ноолууран сүлжмэл чөлөөт хослолуудыг дээд зэргийн чанартайгаар урлажээ. Өвөл, зуны олимпын наадамд оролцох монгол тамирчдын хувцас байнга л шүүмжлэл дагуулдаг. Харин энэ удаагийн хавцасны түүхий эд, загвар, хийцэд иргэд ам сайтай байгаа юм.
Ташрамд, энэхүү ёслолын дээл, хувцсыг өөрийн онцлогтоо тохируулан цор ганц хувь урлуулах боломжтой ба сүлжмэл чөлөөт хослолууд нь эрэгтэй, эмэгтэй аль ч хүйс өмсөх боломжтой буюу unisex загвартай гэнэ. Урьдчилсан захиалгыг ирэх сарын 1 хүртэл авах аж.
Ч.Цэлмэг