Монголчуудын уламжлалт баяр Цагаан сарын шинийн нэгэн ирэх сарын 18-нд тохионо. Сар шинийн баярыг угтсан үзэсгэлэн худалдааг нийслэлд цөөнгүй газар зохион байгуулж байна. Тухайлбал, “Амар байна уу 2026” үзэсгэлэн худалдаа “Их наяд”, “Соёлж молл” худалдааны төвд гарч буй. Дөрөв дэх жилдээ зохион байгуулж буй уг үзэсгэлэн худалдаанд 21 аймаг, есөн дүүргийн 1000 гаруй жижиг, дунд бизнес эрхлэгч 55 мянган нэр, төрлийн бүтээгдэхүүн дэлгэжээ. Түрээсний төлбөргүй учир үйлдвэрийн үнээр борлуулж буй аж. Үүнээс гадна “Аса арена”-д “Жаргалтай” золгоё”, “Драгон терминал”-д “Цагаан сар-2026”, “Хүннү молл”-д “Сар шинэ-2026”, “Шинэ зуун айл”-д “Цагаан сар-2026”, “Мишээл экспо” худалдааны төвд “Ерөөлтэй Цагаан сар-2026” үзэсгэлэн худалдааг тус тус зохион байгуулж байна. Харин энэ сарын 30-наас Соёлын төв өргөөнд мөн сар шинийн баярт зориулсан үзэсгэлэн худалдааг дэлгэх гэнэ. Эдгээр үзэсгэлэн худалдааг ирэх сарын 16, 17 хүртэл үргэлжлүүлэх юм. Үндэсний дээл, хувцаснаас эхлээд цагаан идээ, гар цайлгах бэлэг гээд бүхий л төрлийн бараа, бүтээгдэхүүн арвин буйг зохион байгуулагчид онцоллоо.
Ч.Туяа