АНУ-ын Сан-Франциско хотод төвтэй “Epic cleantec” компани албан байгууллага, орон сууцын барилгуудаас гарсан бохир усыг өөрсдийн аргачлалаар цэвэршүүлж, түүнийг шар айраг исгэхэд ашиглаж байна. Үүнтэй холбоотойгоор тус компанийн гүйцэтгэх захирал асан Аарон Тартаковский “Хүмүүс дахин боловсруулсан усны талаар зөв ойлголттой болох нь чухал” хэмээсэн аж. Тухайлбал, “Epic cleantec”-ийн систем нь шүршүүр, угаалгын машинаас гарсан усыг шүүлтүүр, биологийн цэвэрлэгээ, ариутгал зэрэг олон шатаар дамжуулан цэвэршүүлдэг бөгөөд уг усаа шар айргийн “Devil’s canyon brewing co.” үйлдвэрт нийлүүлдэг гэнэ.
Саарал усаар хийсэн энэхүү шар айргийг Калифорни, Виржиниа, Орегон тэргүүтэй АНУ-ын хэд хэдэн муж болон Вашингтон хотод цахимаар захиалах боломжтой аж. Нэг литр шар айраг хийхэд 10 литр ус шаардагддаг. Үүнд дахин боловсруулсан ус ашиглах нь түүний нөөцөд эерэг нөлөө үзүүлнэ хэмээн үзэж буй. Түүнчлэн уг бүтээгдэхүүнд ган гачигт тэсвэртэй зөрөг цэцэг, үр тарианы исгэгч ашиглаж, түүхий эдээс эхлээд эцсийн бүтээгдэхүүн хүртэлх бүх шатанд байгальд ээлтэй байх зарчим баримталсан нь “ногоон” үзэлтнүүдээс сайшаал хүртээд байгаа аж. Тэд “Shower hour”, “Laundry club” гэх хоёр төрлийн шар айраг хэрэглэгчдэд санал болгож буй бөгөөд цаашид согтууруулах ундаагүй хувилбар гаргахаар зэхэж буй гэнэ. Үүнийг амссан хүмүүс “Амт нь ердийн шар айргаас ялгаагүй юм. Гэхдээ бохир уснаас гаргаж авсан гэж бодохоор заваан санагдаж магадгүй” гэж дүгнэжээ. “Epic cleantec” уг төслөөрөө 25 сая ам.долларын санхүүжилт татаад байна.
Дахин боловсруулсан усаар шар айраг исгэх туршилт хэдэн жилийн өмнөөс эхтэй. 2022 онд Сингапурын усны агентлаг болон “Brewerkz” үйлдвэр хамтран “NEWBrew” гэх шар айраг худалдаанд гаргаж байв. Шар айргийн “эх орон” гэгддэг ХБНГУ-д “Xylem” гэх технологийн компани Берлиний бохир ус цэвэрлэх байгууламжтай хамтран шар айраг үйлдвэрлэж байсан юм. 2050 он гэхэд дэлхийн хүн амын тал хувь нь усны хомсдолд орох төлөвтэй тул дахин ашиглах шаардлага зайлшгүй тулгарсны нэг нь энэ хэмээн судлаачид үзэж буй.
Д.Сэлэнгэ