Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өчигдөр УИХ-ын дарга Н.Учрал болон Засгийн газрын зарим сайд, агентлагийн даргатай өрөөндөө хуралдсан байна. Эл уулзалтад МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Я.Содбаатар бас байлцжээ. Үүгээр өвөлжилтийн байдал, Хархорин хот болон эрчим хүчний салбарт шаардлагатай бүтээн байгуулалтын талаар ярилцсан аж.
“Энэ бол ажлын хэсгийнхний уулзалт” гэсэн албан тайлбарыг хэвлэлийн албанаас нь өгсөн. Гэхдээ энэ үеэр эрчим хүчний салбарт гарсан доголдол, нөхцөл байдлын талаар Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн танилцуулга хийжээ. Улмаар хариуцлага алдсан сайд нарын асуудлыг хөндсөн гэсэн мэдээлэл ч гарч байлаа. Дээрх доголдлын улмаас нийслэлчүүд гурав хоногийн турш цахилгаан, дулаанаа хязгаарлуулсан, үүнээс улбаатай эд хөрөнгөөрөө хохирсон иргэд, аж ахуйн нэгжүүд ч бий. Тиймээс ашиглалтын хугацаа дууссан цахилгаан станцууддаа тоног төхөөрөмжийн шинэчлэл хийх болохоор мөнгөгүй, аймгийнхаа 100 жилийн ойд бол төсвийн мөнгөнөөс “цацдаг” Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн, реформ гэж сүржин ярих ч үнэ нэмэхээс өөр шийдэлгүй Шадар сайд Т.Доржханд нарыг огцруулахыг иргэд хүчтэй шаардаж эхэлсэн. Сөрөг хүчний зүгээс ч тэднийг огцруулах санал тавиад буй. АН-ынхны уг шаардлагын тухайд Б.Чойжилсүрэн сайд өчигдөр “Станцууд чадлын дутагдалд орсон, үүний улмаас хязгаарлалт хийхээр олон нийт дургүйцнэ. Сөрөг хүчний хувьд энэ бол улс төр хийх таатай боломж гэдгийг би ойлгож байна. Ойрын жилүүдэд эх үүсвэрүүдийг яаралтай нэмж, дамжуулах, түгээх шугамуудыг өргөтгөх нь зүй. Хүн бүр өөрийнхөөрөө үнэлнэ. Би өөрийгөө сайн, муу гэх нь утгагүй” гэсэн тайлбар өгчээ.