Манай улс улаанбурхан өвчнийг устгасан хэмээн ДЭМБ-аас батламж гардаж байсан ч өнгөрсөн онд дахин дэгдэж, 11 хүүхэд нас барсан. Тэгвэл энэ сарын 21-нд Хэнтий аймагт гурван сартай хүүхэд уг өвчний улмаас энджээ. Энэ талаар Халдварт өвчин, судлалын үндэсний төв (ХӨСҮТ)-ийн ерөнхий захирал С.Энхболдоос тодруулахад “Хэнтий аймагт гурван сартай хүүхэд улаанбурхны улмаас нас барсан харамсалтай тохиолдол бүртгэгдсэн. Вакцин хийлгэх насанд хүрээгүй байсан. Өчигдрийн байдлаар улаанбурхны нийт батлагдсан тохиолдол 13 967 болж, 12 хүүхэд эндлээ. Эмнэлэгт 42 хүүхэд хэвтэн эмчлүүлж байгаагаас долоогийнх нь биеийн байдал хүнд байна. Уг өвчний халдвар буурахгүй байгаа тулд 10-15 настай хүүхдүүдийг улаанбурхан, улаанууд өвчний эсрэг нэмэлт дархлаажуулалтад хамруулахаар болсон. Энэ насны хүүхдүүдийн дунд өвчлөл нэмэгдэж, хүндрэх, цаашлаад аминд нь аюул учруулах эрсдэлтэй байна. Иймд энэ сарын 26-наас ирэх сарын 6 хүртэл улс орон даяар дархлаажуулалтыг эхлүүллээ” гэв.
Улаанбурхан өвчний тохиолдол улсын хэмжээнд 2025 оны сүүлээс энэ оны эхний гурван долоо хоногт нэмэгдэж, нийслэлд бүртгэгдсэн тохиолдлын 50 гаруй хувь нь эмнэлгийн орчинд халдварт өртсөн байна. Тиймээс эмнэлгийн орчинд халдвар тархахаас сэргийлэх, хяналтыг сайжруулах зорилгоор Эрүүл мэндийн яам, ХӨСҮТ зэрэг байгууллагын мэргэжилтний баг хяналт тавьж ажиллаж буй аж.
Ташрамд, нэмэлт вакциныг төр, хувийн хэвшлийн ерөнхий боловсролын сургууль, сум, өрхийн болон дүүргийн Эрүүл мэндийн төвийн дархлаажуулалтын кабинетаар дамжуулан хүүхдүүдэд хийх гэнэ. Уг вакциныг БНЭУ-ын “Серум институт”-д үйлдвэрлэсэн аж.
Ч.Болор