Эдийн засаг, хөгжлийн яамны дэргэд байгуулсан “Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах төв”-ийн үйл ажиллагааны хүрээнд “Уул уурхайн салбарын долоо хоног” арга хэмжээг өчигдөр эхлүүллээ. Тус арга хэмжээг нээж Тэргүүн шадар бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр “Эдийн засгийн өсөлтийг тэлэх, бодлогын шинэчлэл хийхэд хөрөнгө оруулалт нэн шаардлагатай байна. Экспортын хэмжээг нэмэгдүүлэх, улмаар дотоодын эдийн засгийн идэвхжлийг сайжруулахын тулд уул уурхайн салбарын хөрөнгө оруулалтыг дэмжинэ. Харин өнгөрсөн хугацаанд улс төрийн тогтворгүй нөхцөл, бодлогын ойлгомжгүй байдлаас шалтгаалан хөрөнгө оруулагчдын итгэл алдагджээ. Тиймээс Засгийн газраас хөрөнгө оруулагчдын итгэлийг дахин олж авахад анхаарах, хууль эрх зүйн орчныг цогцоор нь шинэчлэхээр ажиллаж байна. Мөн ирэх хаврын УИХ-ын чуулганаар бизнесийн эрх чөлөөг дэмжсэн, хөрөнгө оруулагчдыг хамгаалсан, урамшуулсан бодлого, шийдвэрүүдийг хэлэлцэхээр төлөвлөсөн бөгөөд тухайлбал, гадаадын хөрөнгө оруулалтыг хязгаарлаж ирсэн 40 гаруй хуулийн зохицуулалтыг эргэн харах шаардлага үүссэн” гэлээ.
Манай улсад уул уурхайн салбар нь ДНБий 26, аж үйлдвэрийн нийт бүтээгдэхүүний 79 хувийг бүрдүүлж, экспортын орлогын 95.4 хувийг олж байгаа юм. 2015-2024 онд Монгол Улс 99.3 их наяд төгрөгийн гадаадын хөрөнгө оруулалт татсан бөгөөд үүний 80 орчим хувь нь уул уурхайн салбарт ногджээ. Тиймээс Ашигт малтмалын болон Хүнд үйлдвэрийн тухай, Газрын тосны тухай хууль зэрэгт нэмэлт өөрчлөлт оруулах болон шинэчилсэн найруулгын төслүүдийг УИХ-ын энэ хаврын чуулганаар хэлэлцэхээр төлөвлөжээ. Мөн Засгийн газрын бодлого, үйл ажиллагааг дэмжин, хамтран ажиллахыг хөрөнгө оруулагчдад уриаллаа.
С.Цэрэндулам