АНУ-ын Охайогийн хөндийн өмнөд хэсгээс Нью Энгланд муж хүртэлх нутаг дэвсгэрт их хэмжээний цас орсны улмаас 11 мянган нислэг цуцлагдаж, нэг сая орчим өрх цахилгаан, дулаангүй болжээ. Энэхүү бүс нутагт 118 сая хүн амьдардаг бөгөөд тээврийн хөдөлгөөн түр хугацаанд саатахыг тус улсын Үндэсний цаг уурын албанаас анхааруулав. Өнгөрсөн баасан гаргаас эрчээ авсан эл цасан шуурганы улмаас Колорадо, Иллинойс, Индиана, Миссури, Нью Жерси, Нью-Йорк, Пенсильвани мужийн зарим хэсэгт цасны зузаан 30 см-ээс дээш давсан аж.
Мужийн амбан захирагч Кэти Хокул НьюЙорк хот, Лонг Айланд, Хадсон хөндийд онцгой байдлын хариу арга хэмжээ авч, тусламж үзүүлэхээр Үндэсний гвардийн цэргүүдийг дайчилсан байна. Луизана мужид хоёр хүн осгож нас барсныг эрүүл мэндийн албаныхан мэдээлсэн бол Техаст мөн нэг иргэн ийм шалтгаанаар амиа алдсан гэнэ. Ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн бямба гарагт тус шуургыг “түүхэн” хэмээн тодотгоод өмнөд болон төв хэсгийн 12 мужид холбооны түвшний гамшгийн онц байдал зарласан юм. Эл шуурга Атлантын далай руу чиглэх төлөвтэй буй ч түүний араас Арктикийн хүйтэн агаар Америкийг “дайрч”, ойрын хэдэн өдөр тэсгим хүйтэн байхыг мэргэжилтнүүд анхаарууллаа.
Д.Сэлэнгэ