“Ниссан мотор” компани Өмнөд Африкийн Рослин аж үйлдвэрийн бүс дэх үйлдвэрээ Хятадын автомашин үйлдвэрлэгч “Chery”-д худалдахаар болсноо өнгөрсөн баасан гарагт зарлав. Харин Хятадын автомашин үйлдвэрлэгчдээс чанар, стандартаараа эхний гуравт жагсдаг “Chery” энэ талаар тайлбар өгөхөөс татгалзаж, тус гэрээний үнийн дүнг нууцалж буй юм. Хэрэв хэлцэл амжилттай болбол тус үйлдвэрээс хэрэглэгчдэд хүрдэг цор ганц загвар болох “Navara” пикап автомашины үйлдвэрлэлийг ирэх тавдугаар сард зогсоох гэнэ. Эл шийдвэр нь “Ниссан” компанийн хэрэгжүүлж буй бүтцийн өөрч лөлтийн нэг хэсэг бөгөөд үүний хүрээнд нийт долоон үйлдвэрийг хааж, 20 мянган ажлын байрыг цомхотгох, эсвэл тэднийг хооронд нь нэгтгэж, 500 тэрбум иен хэмнэхээр зорьж байгаа аж. Гэсэн хэдий ч тус компани Өмнөд Африкт автомашины борлуулалт болон засвар үйлчилгээний үйл ажиллагаагаа хэвийн үргэлжлүүлэх бөгөөд энэ онд “Tekton”, “Patrol” тэргүүтэй хэд хэдэн шинэ загвар худалдаанд гаргахаар төлөвлөжээ.
Одоогоос хоёр жилийн өмнө “Ниссан”-ыхан шил дэг борлуулалттай “NP200” хагас тонны пикап загварынхаа үйлдвэрлэлийг зогсоосноос хойш тэд Өмнөд Африкийн зах зээлд тэргүүлэгч “Тоёота”-гийн “Hilux”, “Форд”-ын “Ranger”, “Исузу”-гийн “D-Max” нар тай эн зэрэгцэж чадахгүйд хүрч, зах зээлээ алдлаа гэгдсэн юм. 2024 оны санхүүгийн жилд “Ниссан” 4.5 тэрбум ам.долларын цэвэр алдагдал хүлээсэн төдийгүй ашиггүй үйлдвэрүүд зардал өсгөж буй тул ийнхүү үе шаттай хаахаар төлөвлөсөн байна. Шин жээчид тус компанийг дампуурлын ирмэгт байгаа, борлуулалтаа сэргээхэд тэдэнд ердөө 12-24 сар бий хэмээж буй.
Д.Хэрлэн