МАН-ын дэргэдэх Социал демократ Монголын эмэгтэйчүүдийн холбоо (СДМЭХ)-ны Их хурлыг ирэх сарын 14-нд товлосон байна. Эдүгээ УИХ-ын гишүүн Х.Булгантуяа тус холбооны ерөнхийлөгчөөр ажилладаг. Гэвч тэрбээр Үндсэн хууль зөрчиж, төрийн эрхийг хууль бусаар авах “ажиллагаа”-нд оролцож, УИХ-ын дэд даргын албан тушаалаасаа огцорсон. Мөн уг асуудлаар нь хуулийн байгууллагаас түүнийг шалгаж буй юм. Тиймээс сонгуульт ажлаа өгөхөөр болжээ. Нөгөө талаар МАН-ынхан Улс төрийн намын тухай хуульд нийцүүлсэн үндсэн дүрмээ Дээд шүүхээр баталгаажуулсан. Дүрмийн дагуу намын дэргэдэх байгууллагууд тогтсон хугацаанд Их хурлаа хийх учиртай. Эл хугацаа нь ч болсон аж.
Тэгвэл СДМЭХ-ны ерөнхийлөгчид УИХ-ын гишүүн эмэгтэйчүүдээс нь өрсөлдөхөөр бэлтгэж эхэлжээ. Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, гишүүн Д.Үүрийнтуяа нар нэрээ дэвшүүлнэ гэсэн мэдээлэл гарсан байна. Б.Батцэцэг сайдын хувьд УИХ-ын сонгуулийн нэгдүгээр тойрог буюу хангайн бүсээс сонгогдсон. Д.Үүрийнтуяа нь дөрөвдүгээр тойрог болох Булган, Орхон, Хөвсгөлөөс нэр дэвшин гишүүн болсон юм. Өөрөөр хэлбэл, тойргоос нэр дэвшин сонгогдсон эмэгтэйчүүд эл сунгаанд өрсөлдөх нь.
С.Уул