Энэтхэг улсад нипах вирус (Nipah)-ний халдвар дэгдэж, олон хүн өвчилсөн талаар мэдээлэл цахим орчинд тархсан. Тэгвэл энэ талаар ХӨСҮТ-өөс мэдээлэл өгөв. Тодруулбал, өнгөрсөн онд эл вирусний батлагдсан бүх тохиолдол Энэтхэгийн Керала мужид илэрчээ. Үүнээс хоёр нь Паллакад дүүрэгт анх бүртгэгдсэн нь газар зүйн хувьд шинэ байршилд илэрсэн тохиолдол болсон байна. Үүний зэрэгцээ Бангладеш улсад нипах вирусний халдвар 2001 оноос хойш бараг жил бүр бүртгэгдэж ирсэн нутагшмал халдвар гэнэ. Өнгөрсөн оны 1-8 дугаар сард Бангладешид газар зүйн хувьд хоорондоо холбоогүй дөрвөн дүүрэгт лабораториор батлагдсан дөрвөн нас баралт бүртгэгдсэн байна. Эдгээр тохиолдол хоорондоо эпидемиологийн холбоогүй бөгөөд ихэнх нь дал модны түүхий шүүс хэрэглэсэнтэй холбоотой байжээ.
Тэгвэл энэ вирус нь олон улсад тархах эрсдэлтэй юү. ДЭМБ-ын эрсдэлийн үнэлгээгээр нипах вирусний халдварын олон улсад тархах эрсдэл бага, тухайн улсдаа дунд гэж гарчээ. Одоогоор нипах вирусний халдвар олон улсад хүнээс хүнд дамжин тархсан тохиолдол бүртгэгдээгүйг ХӨСҮТ-өөс тодотгов. Өөрөөр хэлбэл, 2025 онд Энэтхэг, Бангладеш улсад бүртгэгдсэн бүх тохиолдол нь тухайн улсаас өөр оронд тархаагүй хэвээр байгаа аж. Иймд эдгээр улсад чиглэсэн олон улсын аялал, худалдааг хориглоогүй байна.
Ч.Болор