ХХААХҮЯ, Жижиг, дунд үйлдвэрийн газар хамтран Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцүүлгийг зохион байгуулжээ. Үүнд төрийн болон төрийн өмчит байгууллага, үйлдвэрүүдийн 100 гаруй төлөөлөл оролцсон аж. Энэ үеэр ХХААХҮ-ийн сайд М.Бадамсүрэн “Зах зээлийн эдийн засагтай орны хувьд хувийн хэвшил, бизнес эрхлэгчдийг дэмжиж ажиллах нь чухал. Төрөөс хөнгөлөлттэй зээл, газар олголт, дэд бүтэц, татварын хөнгөлөлт, худалдан авалтаар бизнес эрхлэгчдийг дэмжиж, экспортыг нэмэгдүүлэхэд анхаарна” гэлээ. Түүнчлэн оролцогчдын зүгээс борлуулалтыг дэмжих, Монголд үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнийг экспортод гаргахад чиглэсэн бодлого хэрэгжүүлэх, зээлийн үлдэгдлийг шуурхай хянаад дахин зээл авах нөхцөл бүрдүүлэх, бүртгэлийг автоматжуулах, оюуны өмчийг хамгаалах асуудалд анхаарахыг хүсэв.
Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдэд үйл ажиллагаа эрхлэх зориулалтаар нэг удаа тодорхой нөхцөлтэйгээр газар олгох, санхүүгийн эх үүсвэрийг нэмэгдүүлэн, хөнгөлөлттэй зээлийг тасралтгүй олгон, бойжуулахад анхаарч өгөхийг мөн хүсжээ.
С.Цэрэн