Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс гаргасан өнгөрсөн оны уур амьсгалын тойм мэдээгээр 2025 онд улсын хэмжээнд 10 төрлийн аюулт болон гамшигт үзэгдэл 73 удаа гарчээ. Үүнээс аюулт үзэгдэл 61, гамшигт үзэгдэл 12 бүртгэгдсэн бөгөөд 4.4 тэрбум төгрөгийн хохирол учирчээ. Харин 2024 онд улсын хэмжээнд 15 төрлийн нийт 104 удаагийн цаг агаарын гаралтай аюулт болон гамшигт үзэгдэл болсон байна. Аюултай үзэгдэл 91, гамшигт үзэгдэл 13 удаа болж, үүний улмаас гурван хүн нас баржээ. Улсад нийт 3.2 тэрбум төгрөгийн хохирол учирсан байна.
Сонирхуулахад, хүчтэй салхи, цасан болон шороон шуурга, бороо, нойтон цас, аадар, мөндөр, хүйтэн бороо, усны үер, уруйн үер, цочир хүйтрэлт, хар салхи, аянга буухыг цаг уурын үзэгдэл гэж үздэг. Тухайлбал, шороон шуурганы үед алсын барааны харагдах байдал 1000 метр болон түүнээс бага болохыг аюултай үзэгдэлд тооцдог.