Азийн боксын холбооноос Улаанбаатар хотод гуравдугаар сарын 28-наас дөрөвдүгээр сарын 11 хүртэл зохион байгуулах Ази тивийн АШТ-д өрсөлдөх тамирчдыг сонгон шалгаруулах спаринг тэмцээн эмэгтэйчүүдийн 48, 51, 57, эрэгтэйчүүдийн 60 кг-ын жинд боллоо. 48 кг-д Э.Номундарь Б.Саруул нар тулалдсанаас Э.Номундарь ялалт байгуулснаар тивийн шилдгүүдтэй улсаа төлөөлж өрсөлдөх нь. Тэгвэл 51 кг-ын жингийн өрсөлдөөн ширүүхэн өрнөв. Азийн аварга, дэлхийн мөнгө, хүрэл медальт Л.Алтанцэцэг энэ оноос эхлэн тус жинд тулалдахаар болсноо албан ёсоор мэдэгдсэн. Түүнтэй энэ удаа ОУХМ П.Хулан тоглож, хажуугийн шүүгчдийн 3:1 саналаар хүчтэй өрсөлдөгчөө хожив. 57 кг-д дэлхийн хүрэл медальт М.Энхжаргал, Азийн наадмын хүрэл медальт О.Есүгэн нар мөн л нэгэндээ амархан ялагдахааргүй хүчтэй өрсөлдөгч. Энэ удаа М.Энхжаргал туршлагаар илүүрхэж, О.Есүгэнийг3:2-оор ялсан юм. Тэгвэл эрэгтэйчүүдээс 60 кг-д Б.Буяндалай Д.Ганболдыг буулгаж авснаар жингийнхээ аваргуудтай тус тэмцээнд тоглохоор боллоо. Дэлхийн боксын холбооны дүрмийн дагуу тамирчдын чансааг шинэчлэн онооны системээр тогтоодог болсон. Эл тэмцээнээр ДАШТ-ий дараа эрэмбэлэгдэх чансааны оноог олгохоор шийдвэрлэсэн байна. Тивийн тэмцээнд түрүүлсэн тамирчинд 800, мөнгөн медальд 500, хүрэл медальд 300 оноо олгох аж. Түүнчлэн V-VIII байрт шалгарсанд нь 150 оноо өгөх юм.