Японы Засгийн газраас гадаадын иргэдэд холбогдох эрх зүйн орчин, иргэншил авах нөхцөлийг чангатгах, хууль бус цагаачдыг албадан гаргах ажиллагааны зардлыг хоёр дахин нэмэгдүүлэх багц бодлогоо өнгөрсөн баасан гарагт танилцууллаа. Тодруулбал, гадаадын оршин суугчид виз мэдүүлэх, эсвэл сунгуулахдаа япон хэлний болон бусад сургалтад заавал хамрагдах аж. Тус журам энэ оны наймдугаар сараас хэрэгжиж эхлэх гэнэ. Түүнчлэн байнгын иргэншилтэй болохын тулд тус улсад дор хаяж таван жил оршин суусан байх шаардлагыг 10 болгож, визний хураамжийг энэ оны санхүүгийн жилээс эхлэн нэмэгдүүлэхээр болжээ. Зарим хууль тогтоогч “Иргэншил авах процесс байнгын оршин суух эрх авахаас хялбар байж болохгүй, виз олгох хураамжийг 3000-аас 15000 иен, сунгуулахыг 6000-аас 40000 иен болгож өсгөх ёстой” хэмээн үзэж буй юм.
Гадаадын иргэдэд тулгамддаг гол асуудал хэлний бэрхшээл тул тэднийг ирэхээс нь өмнө япон хэлний хөтөлбөрт хамруулах, цагаач хүүхдүүдийн сургуулийн өмнөх боловсролд анхаарна хэмээн Засгийн газраас мэдэгдэв. Алслагдмал арлуудыг гаднын иргэд эзэмших нь ихэссэн тул эл нутаг дэвсгэрүүдийг төрийн мэдэлд шилжүүлэх талаар ч хэлэлцэж буй аж.
Д.Хэрлэн