АНУ ДЭМБ-аас гарахаа зарласнаас тав хоногийн дараа буюу өчигдөр Женев дэх тус байгууллагын төв байран дахь далбаагаа албан ёсоор буулгалаа. Төрийнхөө далбааг төлөөлөгчийн газрын ажилтнууд болон АНУ-ын Тэнгисийн цэргийн корпусын эрх бүхий хүмүүс буулгасан тухай Нэгдсэн улсын Олон улсын байгууллагуудын байнгын төлөөлөгчийн газраас мэдээлэв. Өнгөрсөн оны нэгдүгээр сард Ерөнхийлөгч Д.Трампын захирамжаар эхлүүлсэн ДЭМБ-аас гарах үйл явцыг ийнхүү дуусгалаа. Вашингтон ийм шийдвэрт хүрсэн шалтгаанаа “Хятадын Ухань хотоос эхэлсэн Ковид-19” цар тахлын эсрэг тус байгууллага хангалтгүй ажилласан, яаралтай шаардлагатай шинэчлэлийг хэрэгжүүлээгүй, гишүүн орнуудынхаа улс төрийн нөлөөллөөс хараат бус байдлаа харуулаагүй” гэж тайлбарласан.
“Bloomberg”, “Reuters” зэрэг томоохон агентлагийн мэдээлснээр АНУ-ын Засгийн газар ДЭМБ-д төрөл бүрийн тооцоогоор төлөх өр 130 саяас 260 сая ам.долларын хооронд хэлбэлздэг. Үүнийгээ барагдуулаагүй байна. Тэгвэл АНУ үүнийг төлөхөөс татгалзаж “Америкийн ард түмэн хангалттай мөнгө төлсөн” гэж Төрийн департаментын хэвлэлийн төлөөлөгч нь тэмдэглэв. “Reuters”-ын мэдээлснээр АНУ нь ДЭМБ-ын хамгийн том хандивлагч бөгөөд нийт санхүүжилтийнх нь 18 орчим хувийг эзэлдэг байжээ.
Ж.Эрдэнэ