Мөсний загасчлалын энэ оны анхны тэмцээн болох “Дархан цом-2026”-д хот, орон нутгийн 18 багийн 80 гаруй тамирчин оролцлоо. Энэ удаа багууд загасчлалын тэмцээнээс гадна “Цооног хэрхэн хурдан гаргах вэ” өрөмдлөгийн уралдаанд ур чадвараа ч бас сорьсон юм. Үүнд оролцогчдоос “Дархан” клубийн тамирчин Д.Амгалан таван нүхийг бусдаасаа хурдан гаргаж, “Budy shop” дэлгүүрийн шагнал болох өрмөөр шагнуулав. Тэмцээний үеэр “Чемпионс”-ын Д.Жалцангунаа хамгийн том загас барьж “Big fish” дэлгүүрийн өвлийн загасчлалын чаргаар шагнууллаа. Багийн дүнгээр “Цэнгэг” клубийнхэн 24 оноогоор аваргын цом гардаж, нэг сая төгрөгөөр шагнуулсан бол “Алгана”-ынхан 30 оноогоор удаалж, 800, “Найзууд”-ынхан 38 оноогоор хүрэл медаль хүртэж, 500 мянган төгрөгийн урамшуулал хүртэв. Хувийн дүнгээр “Алгана” багийнхнаас Д.Батсайхан дөрвөн оноотой тэргүүлж, “Жараахай” клубийн Н.Насанбаяр мөн дөрвөн оноотой тэнцсэнээр мөнгө, Б.Төгөлдөр (“Цэнгэг” клуб) зургаан оноотой хүрэл медаль зүүсэн юм. Уг арга хэмжээний хүрээнд мөсний загасчлалын аймгийн аварга шалгаруулах тэмцээнийг Дархан-Уулд энэ сарын 31-нд бямба гарагт зохион байгуулах аж.