Хөвсгөл аймгийн иргэдийг сүлжээний залилангийн аргаар мэхэлж, их хэмжээний хохирол учруулсан “Бэлтэсмөрөн” ХХК-ийнханд холбогдох хэргийг Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын шүүгчид хэлэлцэх, эсэхээ өчигдөр шийдвэрлэлээ. Тус компанийг үүсгэн байгуулагч С.Ганбаатар, гүйцэтгэх захирал Г.Нямдэлгэр, эрх бүхий албан тушаалтнууд болох Г.Пүрэвсүрэн, Р.Бузмаа, Н.Уяабор, Г.Нямдалай, Ч.Очир, Д.Цэнгэнбаяр, Б.Мэндсайхан нар Хөвсгөл аймгийн иргэдэд санхүүгийн дэмжлэг үзүүлэх нэрийдлээр хамтран ажиллах гэрээ байгуулж, бодит байдлыг нуух замаар тэднийг төөрөгдүүлж, олон шатлалт маркетинг, пирамид тогтолцооны луйврын аргаар 2606 иргэнээс 45 тэрбум 270 сая 137 мянга 600 төгрөг буюу их хэмжээний хохирол учруулж залилсан, мөнгө угаасан хэрэгт холбогдсон юм. Тэдэнд Чингэлтэй дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн 17.3-3.1, 3.2-т заасан “олон шатлалт маркетинг, пирамид тогтолцооны луйврын аргаар залилах гэмт хэрэг үйлдэж, амьдралын эх үүсвэрээ болгосон”, 18.6-2.1, 2.2 дахь хэсгийн хууль бусаар олсон хөрөнгө, орлого гэдгийг мэдсээр байж мөнгө угаах гэмт хэргийг байнга тогтвортой үйлдсэн” гэх үндэслэлээр яллах дүгнэлт үйлдсэн бөгөөд Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд 2024 оны арваннэгдүгээр сарын 5-13-нд хэлэлцэн шийдвэрлэсэн билээ. Улмаар “Бэлтэсмөрөн” ХХК-ийн гүйцэтгэх захирал Г.Нямдэлгэрт 12, үүсгэн байгуулагч С.Ганбаатар, ТУЗ-ийн гишүүн Р.Бузмаа, Н.Уяабор нарт ес, Г.Пүрэвсүрэнд долоо, Г.Нямдалайд зургаа, Ч.Очирт тав, Д.Цэнгэнбаярт дөрөв, Б.Мэндсайханд хоёр жилийн хугацаагаар хорих ял шийтгэсэн. Эл есөн хүнээс 37.9 тэрбум, иргэний хариуцагч буюу мөнгөө өсгөж авсан хүмүүсээс 7.1 тэрбум төгрөг гаргуулж, хохирогчоор тогтоогдсон 2606 иргэнд олгуулахаар шийдвэрлэсэн байдаг. Түүнчлэн битүүмжилсэн 2.1 тэрбум төгрөгийн хөрөнгийг хувь тэнцүүлэн хувааж хохирогчдод олгох болсон.
Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрсөн дээрх есөн хүн, тэдний өмгөөлөгч нар болон зарим иргэний хариуцагч давж заалдах гомдол гаргасныг Хөвсгөл аймаг дахь Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2025 оны есдүгээр сарын 18-нд хянан хэлэлцээд анхан шатны шүүхээс оноосон ял шийтгэлийг хэвээр нь үлдээсэн юм.
Тэгвэл “Бэлтэсмөрөн”-гийн гэх хэрэгт ял шийтгүүлсэн есөн хүний өмгөөлөгч нар болон зарим хохирогч Улсын дээд шүүхэд гомдол гаргасныг өчигдөр хянаад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1-1 дэх хэсэгт заасан “Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой зэрэг үндэслэлд хамаарахгүй” гэж дүгнэв. Ингэснээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол, давж заалдах шатны шүүхийн магадлал хүчин төгөлдөр болж байна.