Хэвийн боов, еэвэнгийн экспортын статистик мэдээг Гаалийн ерөнхий газраас танилцууллаа. Тодруулбал, 2024 онд Швед, Швейцар, БНСУ руу нийт 1975 кг хэвийн боов нийлүүлсэн бол сүүлийн гурван жил АНУ руу тогтмол экспортлох болсон аж. Харин өнгөрсөн онд Швед рүү 469.2 кг еэвэн экспортолсон нь хамгийн өндөр үзүүлэлт болжээ. Монгол Улсын үндэсний үйлдвэрлэлийн бүтээгдэхүүн болох цагаан идээ, хэвийн боов, еэвэнгийн экспорт сүүлийн жилүүдэд идэвхжиж буй гэнэ. АНУ руу л гэхэд 2025 онд 6490 кг хэвийн боов нийлүүлсэн нь өнгөрсөн жилийнхээс хоёр дахин өссөн дүн аж.
Гаднын улс оронд оршин суудаг монгол иргэдийн тоо жил тутам өсөж буй нь тус эрэлтийг өдөөж байгааг судлаачид тодотгов. Ташрамд, өнөөгийн байдлаар хэвийн боов найрлага, хэв, хийцээсээ хамаарч ширхэг нь 6000-10 500, еэвэн 22-25 мянган төгрөгийн хооронд хэлбэлзэж байгаа талаар “ubn.mn” сайтад мэдээлжээ.
Д.Хэрлэн