Нүүдэлчдийн ондоошил, амьдралын философи, соёл уламжлал, сэтгэлгээний онцлог, баялаг өвийг бодит түүх, баримтад түшиглэн баринтагласан “Сүүлчийн нүүдэлчид” номын нээлт өчигдөр “Чингис хаан” үндэсний музейд боллоо. “Эргэлт.мн” мэдээллийн сайтын сэтгүүлчдийн урт удаан хугацааны эрэл хайгуул, ур ухаан, авьяас, мэдрэмжээр бүтсэн энэхүү бүтээлийн нээлтийг өнгөрсөн оны арваннэгдүгээр сард Унгар, Австри, Чех, Швейцар, Итали, Франц улсад хийж, Европын уншигчдад хүргэсэн бол эх орондоо анхлан танилцуулж буй нь энэ юм.
Монгол, англи хэлээр хэвлэгдсэн “Сүүлчийн нүүдэлчид” хөрөг ном нь баларч хуучраагүй нүүдэлчин ахуй, өв уламжлалаа орчин цагийн соёл иргэншилтэй хослуулан амьдарч буй эгэл монголчуудын төлөөллийг илэрхийлэн гаргаснаараа онцлогтой. Тухайлбал, эх орныхоо баруун хязгаарт 40 жил давс олборлон аж төрж буй дөрвөн хөгшний байгалиа хамгаалах тэмцэл, нөхөрлөлийн гэгээн түүх болоод хоёр километрийн цаадахыг түвэггүй хардаг, хүн, амьтдын мөрийг алдалгүй хэлж чаддаг мөрч эмэгтэйн улсынхаа аюулгүй байдлыг хамгаалалцсан домогт ажиллагаанууд, мөн дэлхийд гайхагдсан уурхайн ордуудыг нээн илрүүлэгч, хосгүй урлаач, буйдхан суурингийн сургуулиас ирээдүйд дэлхийн суутан болох мөрөөдөлтэй бяцхан сурагчид тэргүүтэй ховор хувь тохиолын эздийн бодит амьдралаас сэдэвлэсэн хөрөг бүтээлүүд багтжээ.
Г.Сансар