НҮБ-ийн 2030 он хүртэлх Тогтвортой хөгжлийн зорилтод бодит хувь нэмэр оруулж буй олон улсын компаниуд дунд Монголын “Lhamour” брэндийг онцолсныг үүсгэн байгуулагч Д.Хулан нь дурдлаа. Мөн Австралид үйл ажиллагаа явуулдаг их сургуулиас тус брэндийн талаарх мэдээллийг номонд багтааж, сайн жишиг, загвар үйлдвэр хэмээн оюутнуудад танилцуулах болсон талаар Д.Хулан цахим хуудастаа өчигдөр тэмдэглэв.
Үүнээс гадна “Emerald insight” сэтгүүлийн сайт дахь “Монголын гал тогооноос дэлхийн тавцанд” нийтлэлд “Д.Хулан нь Колумбын их суруулийн төгсөгч бөгөөд АНУ, Европт эрчим хүчний салбарт мэргэжлээрээ ажиллаж байсан ч 2014 онд байгалийн гаралтай гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн “Lhamour” брэндийг үүсгэн байгуулжээ. Тус брэнд харшил болон арьсны асуудалтай хүмүүст зориулсан, экологийн цэвэр бүтээгдэхүүнийг дотоодын түүхий эдээрээ үйлдвэрлэн, олонд танигдсан. Түүнчлэн тэгш бус байдлыг бууруулах, тогтвортой хөгжлийг эрхэмлэх зорилттой бизнесээ уялдуулахыг зорьдог нь сайн жишээ болж байна” гэх зэргээр бичсэн байна.
С.Дулам