Монголын уран зургийн галерейн их танхимд уран бүтээлч С.Дашдэмэд “Миний зургууд” бие даасан үзэсгэлэнгээ энэ сарын 28-нд нээж, анх удаа олны хүртээл болголоо. Тэрбээр Дүрслэх урлагийн дунд сургуулийг төгсөж, 2002-2008 онд ХБНГУ-ын Нюрнберг хотын Дүрслэх урлагийн академид суралцжээ. Өдгөө тус улсад амьдарч, уран бүтээлээ туурвидаг тэрбээр Европын орнуудад бие даасан болон хамтарсан үзэсгэлэн гаргаж, 2009 онд Баварийн залуу уран бүтээлчдийн тэргүүн шагнал, 2019 онд Нюрнберг хотын Соёлын дүрслэх урлагийн шагналыг тус тус хүртсэн юм. Тус галарейд ирэх сарын 4 хүртэл үргэлжлэх түүний үзэсгэлэн 1990-ээд оны эхэн үед Монголд туурвисан, 2000 оноос хойш Германд бүтээсэн уран болон зураасан, хар зураг, рельеф материал, уран баримал, инстоляц урлаг, ханын монументал, дижитал ба видео урлаг бүхий 60 гаруй бүтээлээс бүрджээ.