Францын “Vitagermine” компанийн “Babybio” брэндийн “оптима-1” нэр, төрлийн нялхсын сүүн тэжээлийн гурван цуврал бүтээгдэхүүнд “Bacillus cereus” нянгийн хор илэрсэн байж болзошгүйтэй холбогдуулан урьдчилан сэргийлэх зорилгоор зах зээлээс буцаан татан авах тухай шийдвэр гаргасан талаар АНУ-ын Хүнс, эмийн агентлагаас мэдэгдэл гаргажээ. Үүнд 894408, 900035 гэсэн цувралын дугаартай “Babybio” optima-1 нэр бүхий 800 гр, 900932 цувралын дугаартай, 400 гр, “Babybio” optima-1 сүүг тус бүр зах зээлээс татсан аж. Одоогийн байдлаар дэлхийн улс орнуудад уг бүтээгдэхүүнтэй холбоотой хүнсний хордлогын тохиолдол бүртгэгдээгүй байгаа хэдий ч “Vitagermine” компанийн 2026 оны нэгдүгээр сарын 25-ны өдрийн шийдвэрийн дагуу Монгол Улсын зах зээлд нийлүүлэгдсэн “Babybio” optima-1 нэр, төрлийн дараах хоёр цувралын бүтээгдэхүүнийг сайн дурын үндсэн дээр зах зээлээс буцаан болон татан авах арга хэмжээг авч хэрэгжүүлж байгааг Эрүүл мэндийн яамнаас мэдээлэв. Үүнд дээр дурдсан цуврал бүтээгдэхүүн болох 800 граар савласан сүүг татаж буй аж. Иймд уг сүүг худалдан авсан бол хүүхдэд өгөхөө нэн даруй зогсоож, ХӨСҮТ-ийн 100 дугаарын утсанд хандан зөвлөгөө авахыг сануулав.
Дээрх нэр, төрлийн сүүг манай зах зээлд өргөн худалдаалдаг бөгөөд хүүхдэдээ олон сар уулгасан ээжүүд санаа зовж буйгаа цахим орчинд хуваалцжээ. Тэд Эрүүл мэндийн яам болон уг сүүг оруулж ирдэг компани хариуцлага хүлээх ёстой хэмээн байр сууриа илэрхийлсэн байна. Цаашид “Babybio” сүүг худалдан авахдаа цувралын дугаарыг анхаарах нь чухал юм.
Ч.Туяа