ХААН банкны нөлөө бүхий хувьцаа эзэмшигч, “Таванбогд групп” ХХК-ийн эзэн Ц.Баатарсайханы хүү, “Говь” ХК-ийн гүйцэтгэх захирал Амарсайхан, УИХ-ын гишүүн асан, “GEM групп”-ийн эзэн, улсын гарди Ц.Цэрэнпунцагийн хөвгүүн Санжаачойпэл, хууль тогтоогч асан, “Эрэл” ХХК-ийг үүсгэн байгуулагч Б.Эрдэнэбатын хүү Тэмүүлэн, иргэн Л.Алтан-Очир нарт холбогдох хэргийг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд өнгөрсөн долоо хоногийн пүрэв гарагт хэлэлцэн шийдвэрлэв. Шүүхийн шийтгэх тогтоолыг танилцуулж буйг олон нийтийн сүлжээгээр үзсэн иргэд шийдвэрт илтэд дургүйцэж байгаагаа илэрхийлцгээж байлаа.
Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас Б.Амарсайхан, Ц.Санжаачойпэл, Э.Тэмүүлэн, Л.Алтан-Очир нарыг Эрүүгийн хуулийн 11.4-2-т заасан бусдын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан, 20.16-1 дэх хэсгийн “Нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж бусдад хүч хэрэглэж, эсхүл эд хөрөнгө устгаж, гэмтээж, эсхүл эдгээр үйлдэлд өдөөн турхирч, татан оруулж хүний халдашгүй, чөлөөтэй байх, эд хөрөнгө өмчлөх эрхийг зөрчиж, аж ахуйн нэгж, байгууллагын хэвийн үйл ажиллагаа, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан” гэх заалтын дагуу яллагдагчаар тооцон шүүхэд шилжүүлсэн.
Харин хохирогч Д.Саяннямбууг мөн хуулийн 11.6.1 дэх хэсгийн бусдын биед хөнгөн хохирол учруулсан хэмээн яллагдагчаар тооцсон юм.
Б.Амарсайхан, Ц.Санжаачойпэл, Э.Тэмүүлэн, Л.Алтан-Очир нар өнгөрсөн долоодугаар сарын 18-19-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн нутагт шөнийн цэнгээний газрын гадаа иргэн Д.Саяннямбууг зодож гэмтээсэн юм. Харин өөрийнх нь эрүүл мэндэд халдах үед Ц.Санжаачойпэлийг эсэргүүцэн хариу үйлдэл үзүүлэн цохиж, хөнгөн хохирол учруулсан хэмээн Д.Саяннямбууд бас эрүүгийн хэрэг үүсгэсэн.
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Сувд-Эрдэнэ даргалан уг хэргийг хэлэлцээд Ц.Санжаачойпэл, Э.Тэмүүлэн, Б.Алтан-Очир, Б.Амарсайхан нарын холбогдсон олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан гэх үйлдлийг гэмт хэргийн шинжгүй хэмээн хэрэгсэхгүй болгов. Харин тэднийг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэм буруутайд тооцсон юм. Улмаар Ц.Санжаачойпэлийн зорчих эрхийг нэг жил, Б.Амарсайхан, Э.Тэмүүлэн, Л.Алтан-Очир нарынхыг найман сарын хугацаагаар хасах ял шийтгэв.
Мөн Д.Саяннямбууг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэм буруутайд тооцон нэг сая төгрөгөөр торгох ял оноолоо.