Газрын хэвлийн нөхөн сэргээлтийг 2022-2025 оны хооронд хийх зөвшөөрөл авсан, өдгөө Багахангай-Хөшигийн хөндий чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтад оролцож буй “Жинжий майнинг” компанийн ажилчдын байранд хүний эрүүл мэндэд халдсан хэрэг гарав. Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг дахь тус компанийн ажилчдын амрах байранд нэгдүгээр сарын 28-ны 16.40 цагийн үед ийм явдал болсон талаар цагдаагийн байгууллагад мэдээлэл ирсэн аж. Үүний дагуу Төв аймгийн Цагдаагийн газрынхан очиж шалгахад 31 настай М гэх залуу согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ Э-ийг нэг бус удаа хутгалж гэмтээсэн байсан гэнэ.
Уг нь уул уурхай, хүнд үйлдвэрийн салбарын ажилчдын байранд согтууруулах ундаа хэрэглэх, худалдахыг хориглодог соёл, жишиг манайд үйл ажиллагаа явуулж буй гадаад, дотоодын олон аж ахуйн нэгжид тогтсон. Түүгээр ч зогсохгүй согтууруулах ундаа хэрэглэсэн хүмүүсийг ажилчдын байранд нэвтрүүлэхгүй байх үүргийг гэрээт харуул хамгаалалтын ажилтнууд ягштал биелүүлдэг юм билээ. Харамсалтай нь, эл хэрэг гарсан “Жинжий майнинг” ХХК-ийн ажилчдын байрны харуул хамгаалалт сул байснаас хүний амь эрсдэх дөхсөн бололтой.