“Аялал жуулчлалын салбарын долоо хоног” арга хэмжээний нээлт Эдийн засаг, хөгжлийн яам (ЭЗХЯ)- ны дэргэдэх Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах төвд өчигдөр боллоо. Тус арга хэмжээг Засгийн газрын бодлогын хүрээнд аялал жуулчлалын салбар дахь хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах, хууль ёсны эрх ашгийг хамгаалах, төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилгоор зохион байгуулж буй юм.
Нээлтийн үеэр ЭЗХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга И.Батхүү “Аялал жуулчлалын салбараас өнгөрсөн онд 650 сая ам.долларын орлого улсад төвлөрүүлсэн. Цаашид энэ үзүүлэлтийг 1.6 тэрбум ам.долларт хүргэхээр төлөвлөөд байна. Үүний тулд бизнесийн тогтвортой байдлыг хангах, ашигт ажиллагааг хадгалах нь чухал бөгөөд энэ удаагийн арга хэмжээнд дотоодын хөрөнгө оруулагчид тооцоо судалгаатай, бодит оролцоотойгоор нэгдэж байгаа. Мөн жуулчдын урсгалыг нэмэгдүүлэх шалгуур үзүүлэлтүүдийг бодлогын түвшинд тодорхойлсон. Тухайлбал, өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх, баазуудын чадавхыг дээшлүүлэх зорилгоор хөнгөлөлттэй зээлийн хөтөлбөр хэрэгжүүлж эхэллээ” гэсэн юм.
Долоо хоногийн турш үргэлжлэх эл арга хэмжээний хүрээнд салбарын эрх зүйн орчин, хөрөнгө оруулалтын боломж, тулгамдсан асуудлуудыг хэлэлцэхээс гадна гүйцэтгэх удирдлагуудыг чадавхжуулах “Харвард менежментор” сургалт, төлөвлөгөө, тайлангийн маягт бөглөх зааварчилгаа зэрэг олон арга хэмжээ зохион байгуулахаар төлөвлөжээ.
У.Цэцэг