Сурах бичгийг бага ангийн сурагчид үнэ төлбөргүй, дунд, ахлах ангийнхан сургуулийн номын сангаар дамжуулан түрээсэлж, төлбөртэй ашиглаж буй. Өнгөрсөн намар хүүхдүүд сургууль ч үгүй, сурах бичиг ч үгүй есдүгээр сарын 1-тэй золгосон. Гэтэл одоо хүртэл түрээсний сурах бичиг захиалаад гар дээрээ авч чадаагүй сурагч олон байна. Тодруулбал, өнгөрсөн есдүгээр сарын эхээр Боловсролын ерөнхий газар (БЕГ)-ын дарга Т.Ням-Очир “Сурах бичгийн захиалгыг цахимаар авна. Үүний дагуу анги удирдсан багш нь хүүхдүүдэд сурах бичиг өгнө. Төлбөр тооцоо ч гар дээрээс биш, цахимаар, дараа төлбөрт болон дөрөв хувааж өгч болохоор зохицуулсан. Аplus.mn вэбсайтаар дамжуулж, захиалга өгөх боломжтой. Орон нутагт ч ажлын тав хоногт хүргэнэ” хэмээн мэдээлж байв. Гэтэл ажлын тав хоног бүү хэл, таван сар өнгөрөв. Есдүгээр сард тус сайтаар дамжуулан сурах бичиг захиалсан хүүхдүүд одоо болтол номоо авч чадаагүй байна.
Энэ талаар нэгэн иргэн манай редакцад хандсан бөгөөд тэрбээр “Есдүгээр сард долоодугаар ангийн номын багц захиалсан, одоо хүртэл ирээгүй. Ядаж төлбөрөө буцааж авъя гэхээр хариу өгдөггүй. 77071414 гэсэн дугаар нь огт холбогдохгүй байгаа. Оны өмнө залгахад “Бидний цахим чат руу холбогдож, захиалгаа буцаан, мөнгөө аваарай” гэсэн. Тэгээд цахим чат руу нь бичихээр “Хэрэглэгч хэрхэн бараа, бүтээгдэхүүн захиалах вэ” гэхээс өөр хариулт өгдөггүй. Манай хүүгийн ангид Aplus.mn вэбсайтаас ном захиалсан хүүхэд цөөнгүй. Уг нь төрийн байгууллагатай хамтарсан, сургуулийн номын сангаар дамжуулж олгодог гэхээр нь итгээд захиалсан. Гэтэл үнэхээр хариуцлагагүй газар юм” хэмээн ярьсан. Мөн бусад сургуулийн сурагчид эндээс ном захиалаад авч чадалгүй, эцэстээ номын сангийнхаа хуучин ном болон цахим сурах бичиг ашиглаж буй аж.
Боловсролын ерөнхий газар 2023 онд Аplus.mnтэй “Сурах бичиг хэвлэх, худалдах, түгээх ажил гүйцэтгэх”, мөн 2024 онд Боловсролын яамтай “Мэдээлэл солилцох” гэрээ тус тус байгуулжээ. Сурагчдын түрээсний сурах бичгийг зөвхөн Aplus.mn вэбсайтаар дамжуулан захиалах боломжтой хэмээн лообийдож байсан БЕГ-ын дарга Т.Ням-Очироос үүссэн асуудлын талаар тодруулахыг хүссэн ч хариу өгсөнгүй. Боловсролын яамныхан БЕГ мэднэ хэмээн хариуцлагаас зугтсан. Сурагчдыг энэ хугацаанд үзэх номгүй хохироосны хариуцлагыг хэн хүлээх вэ. Дахин шинээр ном худалдан авч, эдийн засгийн хувьд ч хохирсныг яах вэ. Үүнийг тодруулахаар тус вэбсайтын холбогдох дугаар луу залгасан боловч “Орох ярианы эрх хаагдсан” гэх хариулт өгсөн юм. Бид энэ талаар эргэн мэдээлэх болно.
Ч.Болор