Мэргэжлийн сүмогийн 73 дахь ёкозүна Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнийн үс авах ёслол Японы Токио хотын “Рёгокү Кокугикан” ордонд өнгөрсөн амралтын өдөр болсон. Хэвлэлийнхний мэдээлж буйгаар түүний зодог тайлах ёслолд 330 зочин ирж, олон хүн ирж, сонирхон үзжээ. Сүмогийн түүхэнд 45 түрүүлж, үнэмлэхүй дээд амжилтын эзэн болсон Хакүхо М.Даваажаргал алтан шаргал өнгийн дээлтэй гарч ирэхэд ордонд цугласан үзэгчид сэтгэл өндөр хүлээн авав. Хакүхо үсэнд нь хүрснийхээ дараа “Сүүлчийн барилдаанаа түүнтэй хийсэн нь яг тохирсон өрсөлдөгч байв. Би буухиагаа амжилттай шилжүүлсэн гэж бодож байна” хэмээн өгүүлжээ. Хакүхо уналгүй 15 давж түрүүлснийхээ дараа нь замналаа өндөрлүүлсэн. Тэрхүү башёгийн сүүлчийн барилдаанд Тэрүнофүжитэй барилдсанаа дурдсан нь энэ аж.
Түүнийг ёслол хийхэд зам засагчаар ёкозүна Ооносато, илд баригчаар ёкозүна Хошёорюү Б.Бямбасүрэн нар гарч ирсэн. Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ Японы Эзэн хааны цомыг 10 удаа хүртсэн, эгэл даруу зан, тэсвэр хатуужил, зориг, ухаан, сэтгэлийн тэнхээгээрээ иргэдийнх нь хайр хүндлэлийг хүлээсэн сүмоч юм. Түүний үс авах ёслолд жүдогийн алдартнуудаас Токиогийн олимпын аварга ах, дүүс болох Абэ Хифүми, Абэ Үта, мөн Шохэй Оно нар уригджээ.