БОУАӨЯ-наас Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар хурал (COP17)-ыг угтаж “Хуванцрын хэрэглээг багасгая” аяныг эхлүүллээ. Уг аян нь иргэдийн оролцоог нэмэгдүүлэх замаар хуванцрын хэрэглээг эх үүсвэр дээр нь хязгаарлах, ангилалтыг сайжруулах, дахин боловсруулах үйл явцыг дэмжих зорилготой юм. Монгол Улсын хэмжээнд жилд дунджаар 2.2 сая тонн хаягдал үүсдэг бөгөөд үүний 1.4 сая тонн нь нийслэл хотод ногдож буй аж.
Одоогоор улсын хэмжээнд нийт хог хаягдлын 3-5, Улаанбаатар хотод 8.9 хувийг нь л дахин боловсруулж байгаа юм. Нийт хаягдлын тал орчим хувийг дахин ашиглах боломжтой. Гэвч ангилсан хуванцрын дөнгөж зургаан хувийг л үйлдвэрлэлд эргүүлэн ашигладаг гэнэ. Иймд байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөг бууруулахын тулд нэг удаагийн хэрэглээнээс татгалзаж, хогоо ангилж хэвших нь хүн бүрийн хийж чадах энгийн бөгөөд үр дүнтэй шийдэл билээ.
У.Сүрэн