Хууль зүйн үндэсний хүрээлэн болон Японы Хууль зүйн яамны харьяа Сургалт, судалгааны хүрээлэнгийнхэн хамтран “Гэр бүл, хүүхдийн хэргийн дагнасан шүүх: Монгол Улс ба Япон Улс” сэдэвт семинарыг өчигдөр зохион байгууллаа. Салбарын мэргэжилтнүүд энэ үеэр хоёр орны гэр бүлийн шүүхийн бүтэц, үйл ажиллагааны онцлог болон хэрэг хянан шийдвэрлэх эрх зүйн зохицуулалтын талаар харилцан санал солилцсон юм.
Монгол Улсад Гэр бүлийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг 2024 оны зургаадугаар сарын 4-нд баталж, нийслэлд гэр бүл, хүүхдийн хэргийн анхан болон давж заалдах шатны тойргийн шүүх байгуулахаар төлөвлөсөн байдаг. Өдгөө Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулж, УИХ-д өргөн мэдүүлэхээр зэхэж буй гэнэ. Ингэснээр гэрлэлт цуцлах болон эцэг, эхийн эрхийг хязгаарлах шийдвэр гаргахдаа бага насны хүүхдийг хохироохгүй байх зарчмыг хэрэгжүүлэх эрх зүйн үндэс бүрдэх аж. Тиймээс Японы гэр бүлийн шүүхийн тогтолцоо, шийдвэрийн биелэлтийг хангах туршлага зэрэг гадаад улсын сайн жишээг судлах нь манай оронд шинээр байгуулж буй дагнасан шүүхийн системийг хурдан төлөвшүүлэх, үр дүнтэй ажиллуулахад онцгой ач холбогдолтойг оролцогчид онцоллоо.
олцогчид онцоллоо. Японы Хууль зүйн яамны харьяа Сургалт, судалгааны хүрээлэнгийн профессор Рю Хигүчи тус улсын гэр бүлийн шүүхийн бүтэц болон онцлогийг эл хэлэлцүүлгийн үеэр танилцуулсан юм. Мөн дээрх хүрээлэнгийн захирал Хироюки Ито дагнасан шүүх байгуулж буй хамгийн гол зорилго нь гэр бүлийн амар тайван байдал, хүүхдийн элэг бүтэн амьдралыг хангахад орших учиртайг онцлов.
Ташрамд дурдахад, Хууль зүйн үндэсний хүрээлэн дээрх байгууллагатай 2021 онд хамтран ажиллах санамж бичиг байгуулснаас хойш эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тогтолцоо, прокурорын чиг үүрэг зэрэг сэдвээр таван удаа семинар, хоёр удаа хамтарсан сургалт зохион байгуулаад байна. Энэ удаагийн хэлэлцүүлгээр хөндсөн гэр бүл, хүүхдийн хэргийн дагнасан шүүхийн зохицуулалт, шүүхийн албадлагын хэрэгжилтийн асуудал нь өнөөгийн хууль зүйн бодлого, шүүхийн практикт нэн шаардлагатай, цаг үеэ олсон алхам болсныг салбарын төлөөллүүд тодотгов.
Э.Сондор