Гэгээн хайрын баяр хаяанд ирж, хайртай хүндээ барих гэнэтийн бэлэг, мартагдашгүй дурсамжийн тухай бодол таны толгойд эргэлдэж байна уу. Валентин гэхээр л зөвхөн ресторан захиалж, шоколад хайлах гэхчлэн хэлбэр хөөцөлддөг үе хэдийн ард хоцорчээ. Харин энэ өдрийг арай өөр өнцгөөс харж, хамтдаа шинэ адал явдлыг эрэлхийлж, ямар нэгэн дурсамж бүтээх нь харилцааг илүү амьд, үнэ цэнтэй болгодог гэнэ. Тэгвэл Улаанбаатар хотын хүйтэн өвлийг хайрын халуун уур амьсгалаар дулаацуулж болох сонирхолтой хөтөлбөрүүдийн талаар мэдээлэл хүргэе.
ТУХТАЙ ОРЧИНД ХАМТДАА УРЛАХ НЬ
Хэрэв та заавал олон хүнтэй газар очихыг хүсэхгүй, гэртээ, эсвэл өөрсдийн хүссэн тухтай газартаа романтик үдшийг өнгөрүүлэхийг илүүд үзвэл “Little house Mongolia”-гийн шавар урлалын багцыг туршаад үзээрэй. Тасалгааны температурт хатдаг шавраар хамтдаа жижигхэн баримал, эсвэл дурсгалын зүйл хийх зуураа халуун яриа дэлгэж болно. Энэ нь тусгай зууханд шатаах шаардлагагүй, өөрөө хатдаг тул хэрэглэхэд тун хялбар бөгөөд баярт зориулсан хямдралтай багцыг ердөө 20 000 төгрөгөөр худалдан авах боломжтой гэнэ.
ЦАНЫН БААЗААС ХОСОО ОЛОХ БОЛОМЖТОЙ
Хайр дурлалын баярыг заавал хостой хүмүүс тэмдэглэх албагүй. Хэрэв та хараахан хосоо олж амжаагүй бол “Скай резорт” цанын баазыг зориод үзээрэй. Тэнд кассан дээр үйчлүүлэхдээ ганц бие гэдгээ илэрхийлэх тусгай тасалбар авч зүүх боломжтой. Ингэснээр та өөртэйгөө ижил зорилготой залуустай танилцаж, хамтдаа гулгангаа шинэ харилцаа эхлүүлэн, энэ өдрийг сонирхолтой адал явдлаар дүүрэн өнгөрүүлэх боломж бүрдэх юм.
МЭДРЭМЖЭЭ ЗУРАГТ БУУЛГААРАЙ
Урлаг бол сэтгэл хөдлөлөө илэрхийлэх хамгийн романтик хэл юм. Тэгвэл “Wine and сanvas UB” студи та бүхэнд жазз хөгжмийн аялгуунд, амтат дарс шимэнгээ канвас дээр зураг зурах таатай орчныг санал болгож байна. Мэргэжлийн зааварлагч багш танд зөвлөх тул заавал зураач байх шаардлагагүй бөгөөд 120 000 төгрөгийн “Couple рackage” багцад дарс болон зургийн бүхий л хэрэгсэл багтжээ. Танд ердөө мэдрэмж байхад л хангалттай. Хосоороо урласан тэрхүү бүтээлээ гэртээ хариад ханандаа өлгөх нь энэ баярын хамгийн нандин дурсамж болон үлдэх болно.
Э.Сондор