Зүрх, судасны өвчин дэлхийн хүн амын нас баралтын тэргүүлэх шалтгаануудын нэг хэвээр байна. Тиймээс энэ талын судалгаа, тэр дундаа зүрх, судасны үйл ажиллагаанд хоол, тэжээлийн үзүүлэх нөлөөллийг идэвхтэй судалдаг. Энэ чиглэлээр мэргэшсэн хүмүүсийн онцолсноор зүрхний өвчнөөс урьд чилан сэргийлэхэд антиоксидантын үүрэг маш чухал. Төрөл бүрийн жимс, жимсгэнэ хүнсний бусад бүтээгдэхүүнээс антиоксидант ашигтай нэгдлүүдийн агууламжаараа ялгардаг. Байгалийн хамгаалагч хэмээдэг төрөл бүрийн жимсийг тогтмол хэрэглэх нь зүрх, судасны ноцтой хүндрэлийн эрсдэлийг өндөр хувьтай бууруулдгийг олон талт судалгаагаар баталжээ. “Жоржиа интегратив кардиологи” судалгааны төвийн доктор Жейсон Рейнголд антоцианин, полифенолоор баялаг жимснүүдийг түлхүү хэрэглэхийг зөвлөж байна. Эдгээр нь стресс, үрэвслийг үр дүнтэй буулгадаг хүчтэй антиоксидант. Тодруулбал, антоцианинууд нь жимс, навчит ургамлыг улаан, нил ягаан, цэнхэр өнгөтэй болгодог пигмент бол полифенол нь бие махбодыг стресс болон хөгшрөлтөөс хамгаалдаг. Италийн зүрх судасны эмч Жованни Кампанил жимсгэнүүдэд тод өнгө өгдөг пигмент болох антоцианиныг онцолж байна. “Эдгээр нэгдэл нь зүрх, судасны хамгаалалтын нөлөөг хариуцдаг. Антоцианин нь судасны эсийг гэмтээж болох түрэмгий молекулууд болох чөлөөт радикалуудыг саармагжуулдаг. Тиймээс бөөрөлзгөнө, нэрс, гүзээлзгэнэ зэрэг жимсийг тогтмол хэрэглэх нь эмнэлзүйн үр нөлөөг бий болгодог. Судалгаагаар “муу” холестерин болох бага нягтралтай липопротейн (LDL)-ий түвшин буурдгийг нотолсон” гэж тэмдэглэжээ.
Долоо хоногт багадаа гурван удаа нэрс, гүзээлзгэнэ иддэг эмэгтэйчүүд үүнийг хэрэглэдэггүй бүлгийнхнээс зүрхний шигдээс болох эрсдэл 32 хувиар бага байсныг баталсан аж. Жимсний төрөл зүйл бүр өөрийн өвөрмөц онцлогтой. Нэрс цусны даралт бууруулах нөлөөтэй, судасны ханыг хамгаалдаг. Бөөрөлзгөнө хамгийн их хэмжээгээр эслэг агуулдаг бол гүзээлзгэнэ нь дархлааны тогтолцоог дэмждэг аскорбины хүчлээр баялаг. Эдгээрийг тогтмол биеийн тамирын дасгал, хөдөлгөөнтэй хослуулбал эм, бэлдмэлээс ч үр дүнтэй гэдгийг зөвлөжээ. Гэхдээ мэдээж өвчлөхөөс өмнө урьдчилан сэргийлэхэд онцгой чухал.
Э.Хана