Нийслэлийн Баянгол дүүргийнхэн 2026-2028 онд “Баянгол боловсрол” хөтөлбөр хэрэгжүүлэх гэнэ. Үүнийхээ хүрээнд “Тэгш хамруулан сургах боловсролыг дэмжигч дүүрэг” дэд арга хэмжээг хэрэгжүүлж эхэлжээ. Энэ хичээлийн жилд тус дүүргийн 70 дугаар тусгай сургуульд хөгжлийн бэрхшээлтэй 216, ерөнхий боловсролын бусад сургууль, цэцэрлэгт 489, хувийн хэвшлийн цэцэрлэгт 45 хүүхэд суралцаж байгаа аж.
Ялгаатай хэрэгцээтэй суралцагчдыг тэгш хамруулан сургах бодлогын хэрэгжилтийг хангах хүрээнд дүүргийн ЗДТГ-аас санаачилга гаргаж, Боловсролын ерөнхий газар арга зүйн дэмжлэг үзүүлэхээр өчигдөр хамтран ажиллах санамж бичиг байгуулсан юм. Энэхүү хамтын ажиллагааны хүрээнд талууд хүүхэд бүрийг боловсролын үйлчилгээнд тэгш, хүртээмжтэй хамруулахад чиглэсэн олон арга хэмжээ зохион байгуулах нь.
М.Гэгээ