Ховд аймгийн Дуут сумын харьяат, “Монгол тууль” өвийг өвлөн уламжлагч, найм дахь үеийн урианхай туульч Н.Дамдиндорж 2025 оны шилдэг өвлөн уламжлагчаар шалгарчээ. Засгийн газрын “Соёлын биет бус өвийг үндэсний болон дэлхийн хэмжээнд сурталчлан алдаршуулах, түгээн дэлгэрүүлэхэд онцгой хувь нэмэр оруулсан өвлөн уламжлагчид мөнгөн шагнал олгох журам”-ын дагуу жил бүр нэг өвлөн уламжлагчийг шалгаруулдаг уламжлалтай. Үүний хүрээнд өчигдөр Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Ундрам шилдэг өвлөн уламжлагчийн шагнал, батламжийг гардуулан өгсөн байна.
Н.Дамдиндорж нь Талын хар бодон, Аргил цагаан өвгөн, Наран хаан хөвөн, Зул алдар хаан тэргүүтэй их тууль хайлж, алтай нутгийн ариун дагшин уул усаа аргадан, тайтгаруулж, магтаж, тахилга шүтээний зан үйл үйлдэж, голомтоо сахин суугаа туульч билээ.
С.Дулам