Ойрын өдрүүдэд цаг агаар дулаарч буйтай холбоотойгоор Хөвсгөл нуурын зарим хэсэгт хар хил гарчээ. Тодруулбал, Хөвсгөл аймгийн Ханх сумын ойролцоо Шивдэгийн ам орчимд Хөвсгөл нуурт томоохон хэмжээний хар хил гарсан байна. Уг хар хилийн урт нь хоёр, өргөн нь нэг метр аж. Тиймээс цаг хожих, зам товчлох зорилгоор нуурын мөсөн дээгүүр зорчихгүй байхыг Онцгой байдлын ерөнхий газраас анхаарууллаа.
Улсын хэмжээнд энэ он гарснаас хойш мөс цөмөрсөн найман удаагийн тохиолдол бүртгэгдээд байна. Үүнээс таван дуудлага нь Хөвсгөлд байсан бол Завхан, Дархан-Уул аймаг болон нийслэлийн Багануур дүүрэгт тус бүр нэг удаа тохиолджээ. Ихэвчлэн I-IV сард ийм төрлийн осол хамгийн их тохиолддог бөгөөд цаг агаарын байдлаас шалтгаалан гол мөрний мөсний зузаан нимгэрч байгааг мэргэжлийн байгууллагаас сануулж буй юм. Одоогоор нуурын толио болон гол мөрний нийт уртын дагууд мөсний зузаан харилцан адилгүй байгаа аж.
Ташрамд дурдахад, хар хил гэж хагарсан мөс хоёр тийш ангайн завсар гарч, дундуур нь ус мэлтэлзэхийг хэлдэг. Харин цагаан хил гэдэг нь мөс хоорондоо мөргөлдөн овоорч, холоос уул мэт харагдах үзэгдэл юм.
У.Сүрэн