Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2024 оны арваннэгдүгээр сарын 2-нд Монгол Улсын түүхийг 30 ботиор шинээр туурвих зарлиг гаргасан билээ. Тус зарлигийн дагуу 30 боть түүх зохиох ажлыг ШУА-д төвлөрүүлэн зохион байгуулахаар болж, өнгөрсөн оноос редакцын зөвлөл байгуулан, бэлтгэл ажилдаа орсон байна. Тэгвэл өнгөрсөн баасан гарагт Монгол Улсын түүх 30 боть бүтээлийн редактор, зохиогчдод батламж гардуулах ёслол болов. Өөрөөр хэлбэл, эрдэмтэн, зохиолчид батламжаа гардан авснаар Монгол Улсын бүрэн түүхийг бичих ажлыг ийнхүү эхлүүллээ.
Батламж гардуулах үеэр тус номын ерөнхий редактор, академич С.Чулуун “Монгол Улсын түүх 30 боть нь Монголын бүхий л цаг үеийн түүхэнд хамгийн олон ботиор бичигдэж буй төрийн албаны түүх юм. Өнөөдөр бидний бүтээхээр зүтгэж буй ботид орох бичсэн үг, өгүүлбэр бүр ирээдүйд түүхийн чиг баримжаа үнэний мадаг болон үлдэх түүхэн хариуцлага юм. Монгол Улсын түүхийг 1934, 1950, 1954, 1968, 1984, 2003 онд үе шаттай бичиж хэвлүүлэхдээ мөн л ШУА-д төвлөрүүлж ирсэн уламжлалтай. Учир нь сүүлийн 30 жилийн хугацаанд эрдэм шинжилгээний боловсон хүчний чадавх эрс сайжирч, судалгааны суурь бааз бэхэжсэн. Монголчууд өөрсдийн түүхийг төрийн захиалгаар олон ботиор бүтээж ирсэн уламжлалтай. Манж Чин улсын үед хааны зарлигаар “Гадаад Монголын аймгуудын түүх” зэрэг олон боть бүтээл туурвисан бол Монгол Улсын Богд хааны зарлигаар 11 боть бүтээл хийж байв. Харин Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Багабандийн зарлигаар таван боть түүх хэвлэж, өнөөдөр Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн зарлигаар 30 боть түүх бүтээх ажил үргэлжилж байна” хэмээв.
Тус бүтээлийг туурвих эрдэмтдийн багт Монголын түүхийн олон үе, чиглэлээр нарийн мэргэшсэн, өндөр ур чадвартай мэргэжлийн судлаач, судалгааны хүрээлэн, төв, музей, их, дээд сургуулийн нийт 150 гаруй түүхч, эрдэмтдээс академич ес, шинжлэх ухааны доктор 19, доктор 107, магистр 14 хүн оролцож буй аж. Монгол Улсын түүх 30 боть нь Монголын эртний түүхээс Их Эзэнт улс хүртэл 10, Эзэнт улс болон түүний дараах 17 зууны хаадын үе хүртэлх 10, Чин улсын эрхшээлээс өнөөг хүртэлх 10 ботиос бүрдэх гэнэ.
Ч.Болор