Монголын хөрөнгийн биржид бүртгэлтэй “Сүү” компани 2025 оны санхүүгийн тайлангаа танилцууллаа. Өнгөрсөн жил тус компанийн борлуулалтын орлого анх удаа 200 тэрбум төгрөгөөс давж, 221.4 тэрбумд хүрсэн байна. Энэ нь 2024 оныхтой харьцуулахад 15.1 хувиар өссөн дүн юм. Ийнхүү орлого өссөн ч цэвэр ашгийн хэмжээ 12.6 тэрбум төгрөг болж, өмнөх оныхоосоо 21 хувиар буурчээ. Ингэснээр нэгж хувьцаанд 36.9 төгрөг ногдох болсон аж. Ашиг буурахад удирдлагын зардал огцом өссөн нь буюу жилд 55.8 хувиар нэмэгдэн 31.2 тэрбум төгрөгт хүрсэн нь голлон нөлөөлсөн байна. Түүнчлэн “Сүү” компанийн ROE буюу өөрийн хөрөнгийн өгөөж 18.05 хувьтай гарсан нь ашиг буурсан ч хувь нийлүүлэгчдийн хөрөнгийн өгөөж тогтвортой, сайн түвшинд байгааг илэрхийллээ. Харин P/E буюу зах зээлийн үнэлгээ болон ашгийн харьцаа нь 16.85 байгаа нь дундаж үзүүлэлт болов. Ташрамд дурдахад, 2025 оны эхний хагасын гүйцэтгэлээс “Сүү” компани нь нэгж хувьцаанд зургаан төгрөг олгосон бол сүүлийн хагас жилийнхээс 5.09 төгрөг ногдуулахаар шийдвэрлэсэн билээ.
С.Цэрэн