
Монголын орчин үеийн уран зохиолыг үндэслэгч, Их зохиолч Дашдоржийн Нацагдоржийн мэндэлсний 120 жилийн ойд зориулан Дэлхийн Монгол туургатны “Нүүдэлчдийн өв соёл” нэгдсэн холбооноос “Эх нутаг” өв соёл, утга зохиолын олон улсын арга хэмжээг ирэх сарын 16-20-нд зохион байгуулахаар төлөвлөөд байна. Уг арга хэмжээнд дэлхий даяар тархан суурьшсан монгол туургатны төлөөллөөс гадна АНУ, ОХУ, БНХАУ, Египет, Сири, Япон зэрэг есөн орны урлаг, утга зохиолын зүтгэлтэн, соёлын өв тээгчид оролцох юм. Тодруулбал, Дэлхийн зохиолчдын байгууллагын ерөнхийлөгч Маргарита Аль, ЮНЕСКО-гийн “Торгоны зам” олон улсын уран зохиолын төслийн ерөнхий редактор, Египетийн яруу найрагч, орчуулагч, доктор Ашраф Абул-Язид, АНУ-ын Чикаго хот дахь Монгол туургатны холбооны дарга, доктор О.Утнасун, Сирийн зохиолч, яруу найрагч, сэтгүүлч Хани Надим Бухбах, БНХАУ-ын ӨМӨЗО-ы Зохиолчдын холбооны тэргүүлэгч, яруу найрагч Н.Буянбат тэргүүтэй 45 зохиолч, яруу найрагч, соёлын өв тээгч манай оронд чуулна. Мөн эл арга хэмжээг Улаанбаатар хотоос эхлэн Төв аймгийн Баяндэлгэр сум, Багануур дүүрэг, Хэнтий аймгийн Цэнхэрмандал болон Дэлгэрхаан сумыг дамжин зохион байгуулахаараа онцлогтой.