Ихэр хүмүүсийн ертөнц бусдаас юугаараа ялгаатай вэ. Нэгэн цаг үед төрж, ижил орчинд өссөн тэдний санаа бодол, мэдрэмж, аливааг хүлээн авах өнцөг хүртэл адилхан байдаг болов уу. Эсвэл гаднах төрх, нандин холбоогоороо ижилсэх ч дотоод ертөнцдөө тус тусын өнгө, хэмнэл, давтагдашгүй онцлогийг агуулдаг уу.
Тэгвэл ихэр уран бүтээлч М.Нямцэлмэг, М.Нямцэнгэл нар Уран зургийн галерейд дэлгэсэн “Тусгал” хэмээх хамтарсан үзэсгэлэнгээрээ эдгээр асуултад урлагийн хэлээр хариулахыг зорьжээ. Нийт 37 бүтээлээс бүрдэх эл үзэсгэлэнгийн тусгалыг зөвхөн толинд буух дүрсээр хязгаарлахгүй. Харин хүн бусдаас өөрийгөө олж харах, юмс үзэгдлийн ижил төстэй болон ялгаатай шинжээр дамжуулан оршихуйн утга учир, оюун санааны хувьслыг олон өнцгөөс эргэцүүлэх боломж олгож буйгаараа онцлог. Үзэгч бүтээл бүрийг өөрийн туршлага, дурсамжтай холбон харах тусам шинэ утга, тайлал бий болох аж.
“Цагаан дарь эх” М.Нямцэлмэг
ХИЙСВЭРЛЭЛЭЭС УРГАХ ДҮРСЛЭЛ
Уран бүтээлч М.Нямцэлмэгийн бүтээлүүд хийсвэр зохиомжид тулгуурладаг. Тэрбээр өнгө, хэлбэр, дүрсийн харилцан үйлчлэлээр орон зай, хөдөлгөөн болон байгалийн элементүүдийн огтлолцлыг илэрхийлжээ. Түүний зураг дахь санамсаргүй мэт зохиомжууд нь өөр хоорондоо нарийн уялдаж, өвөрмөц хэмнэл бүхий цогц дүрслэл бий болгодог.
Хийсвэр урлаг нь бодит байдлыг шууд хуулбарлахаас илүүтэй тухайн зүйлээс төрсөн мэдрэмж, санааг илэрхийлдгээрээ онцлогтой. Тиймээс үзэгч тодорхой дүрс таних гэж яаралгүйгээр өнгөний шилжилт, хэлбэрүүдийн огтлолцол сэтгэлд нь ямар мэдрэмж төрүүлж байгаад анхаарснаар бүтээлтэй илүү гүнзгий харилцах боломжтой. Ингэснээр байгалийн эрч хүч, хүн хоорондын холбоо, юмс үзэгдлийн давхцалыг өөрийн төсөөллөөр тайлан унших боломж олгодог гэнэ.
“Тайтгарал” М.Нямцэлмэг
БАЙГАЛЬ БА СЭТГЭЛИЙН ТОЛЬ
Уран бүтээлч М.Нямцэнгэлийн бүтээлүүдэд байгалийн органик бүтэц, хэлбэрүүдээр дамжуулан оюун санаа, бие махбод болон хүрээлэн буй орчны харилцан хамаарлыг харуулжээ. Зурагт давтагдах тойрог, үндэс, модны мөчирлөг бүтэц, зангилаа зэрэг элемент нь хүний сэтгэл хөдлөл болон дотоод ертөнцийн үл үзэгдэх нандин холбоосыг санагдуулна.
Модны үндэс, мөчир, хүний биеийн судас зэрэг харилцан адилгүй зүйлд ч хоорондоо төстэй хээ, дүрслэл давтагдан харагддаг аж. Эдгээр дүрслэл нь байгаль, хүн хоёр тусгаар зүйл бус, харин харилцан хамааралтай нэгэн бүхэл систем болохыг эргэцүүлэх боломж бүрдүүлжээ. Энэ утгаараа түүний бүтээлүүд дэх байгалийн дүрслэл нь зөвхөн харагдах орчныг буулгасан зураглал биш юм. Харин хүний дотоод мэдрэмж, оюун санаа, хүрээлэн буй ертөнцийн хоорондын холбоог илэрхийлэх бэлгэдэл болж, үзэгчдэд танил дүрсийг өөр өнцгөөс харж, энгийн зүйлээс ч шинэ мэдрэмж бий болгох боломж олгож байна.
Хүмүүс ихрүүдийг ижил нөхцөлд өссөн гэж адилтган ойлгох нь бий. Гэвч тэд нэг орчинд торнисон ч аливааг өөрийнхөөрөө мэдэрч, тус тусын үзэл бодол, ертөнцийг харах өнцөгтэй. Энэхүү үзэсгэлэн нь тэдний ялгааг үгүйсгэлгүйгээр ижилсэлтэй нь зэрэгцүүлэн харуулснаараа онцлогтой.
Зураачдын бүтээлд тусгал болон давтамжаар дамжуулан хоёр өөр ертөнц нэг цэгт огтлолцох, зэрэгцэн орших, улмаар эргэн салах үйл явцыг дүрсэлжээ. Нэгэн ижил сэдэвт хандахдаа ч уран бүтээлч бүрийн сонголт, бийрийн тавилт, илэрхийллийн арга өөр байдаг. Иймээс “Тусгал” нь зөвхөн ихэр эгч дүүсийн нандин холбоог бус, хоёр өөр хувь хүн нэгэн ертөнцөд өөрсдийн өнцгөөр оршин байж, түүнийгээ уран бүтээлээрээ илэрхийлж буйн нэгэн жишээ юм.
М.Нямцэлмэг, М.Нямцэнгэл нар Монголын орчин үеийн дүрслэх урлагт өөрсдийн байр суурийг бий болгож яваа залуу үеийнхний төлөөлөл бөгөөд 2025 онд Британийн Лондон хотын “University сollege London” сургуулийн “Slade school of fine art”-ыг “Онцлох диплом”-той төгсжээ. “Тусгал” нь тэдний эх орондоо толилуулж буй анхны бие даасан, бүрэн хэмжээний үзэсгэлэн юм.
“Хаяа хязгааргүйн хөвөөнөөс” М.Нямцэнгэл
У.Сүрэн