Э.СҮЙЛЭН
Их хотын соёл, урлагийн амьдрал шинэ содон үзүүлбэр, онцгой тоглолтуудаар үргэлжилж байна. Дэлхийн болон үндэсний сонгодог бүтээл, шинэчилсэн найруулга, ойн хүндэтгэлийн арга хэмжээнүүдийг багтаасан энэ сарын онцлох үзвэрүүдийг тоймлон хүргэе.
“РОМЕО, ЖУЛЬЕТТА”-Г МОНГОЛ, ОРОС УРАН БҮТЭЭЛЧИД “АМИЛУУЛАХ” НЬ
ДБЭТ болон ОХУ-ын Их эзэн хааны театрын хамтарсан бүтээл, Уильям Шекспирийн алдарт зохиолоос сэдэвлэсэн, Серж Прокофьевын хөгжим “Ромео, Жульетта” балетыг Соёлын төв өргөөнд өнөөдөр болон ирэх ням гарагт толилуулна.
Хүн төрөлхтний мөнхийн хайрын бэлгэдэл болсон энэхүү бүтээлийн ерөнхий найруулагчаар Урлагийн гавьяат зүтгэлтэн, ДБЭТ-ын ерөнхий балетмейстер Д.Дашлхагва ажиллажээ. Хөгжим, бүжгийн хэлээр өгүүлэх дурлалт хосын эмгэнэлт түүхийг үзэгчид суудлын зэрэглэлээс хамааран 60-300 мянган төгрөгөөр үзэх боломжтой.
“ЭРХ САРАН”-ТАЙ
Соёлын тэргүүний ажилтан, “Хайрын элч” хэмээх тодотголтой поп дива С.Сэрчмаа “Эрх саран” бие даасан тоглолтоо энэ сарын 14-нд “Аса арена”-д толилуулна. Тэрбээр үе үеийн хит дуунуудаа амьд хөгжмийн хамтлагийн тоглолт, шинэчилсэн найруулгатайгаар хүргэхээр бэлтгэжээ. Тоглолтын тайз 180 градус эргэдэг тул үзэгчид уран бүтээлчдийг бүх талаас нь харж, тайзны үйл явдалд илүү ойр байх боломжтой.
Энэ үдэш Гавьяат жүжигчин, “Камертон” хамтлагийн дуучин Л.Ган-Эрдэнэ, Соёлын тэргүүний ажилтан, дуучин Т.Дэлгэрмөрөн, Б.Баярцэцэг тэргүүтэй уран бүтээлч зочноор оролцох бөгөөд тасалбарыг 89-799 мянган төгрөгөөр худалдаж байна.
Б.ЭНХНАРАН “ХӨӨРХӨН ХАЛИУН”-ААР ҮЗЭГЧИДТЭЙГЭЭ УУЛЗАНА
ДБЭТ-ын гоцлол дуучин, Гавьяат жүжигчин Б.Энхнаран “Хөөрхөн халиун” хэмээх бие даасан тоглолтоо энэ сарын 14-нд “Skywing сenter”-т олны хүртээл болгоно. Тэрбээр Ж.Пуччини, Ж.Верди нарын дэлхийн дуурийн ноён оргилуудын бүтээлээс гадна Д.Лувсаншарав, Б.Шарав, Н.Жанцанноров зэрэг хөгжмийн зохиолчийн бүтээлийг толилуулахаар бэлтгэжээ. Хайр дурлал, эр зориг, эх орон, эцэг эхийн энэрэл нигүүлслийг хөгжим, дуу хоолойгоор илэрхийлэх нь тоглолтын гол онцлог аж.
Тоглолтод ДБЭТ-ын симфони найрал хөгжим, “Чингис хаан” одонт Морин хуурын чуулга оролцоно. Мөн удирдаач Ц.Тэлмүүн-Очир, Урлагийн гавьяат зүтгэлтэн Д.Түвшинсайхан, Гавьяат жүжигчин Б.Мөнхбаатар, Б.Батжаргал, Б.Солонго, концертмейстер Б.Оюунгэрэл, ҮУИТ-ын гоцлол бүжигчин Э.Номин, дуучин Г.Мишиг нар тайзнаа хамтрах юм.
Д.ЛУВСАНШАРАВЫН БҮТЭЭЛҮҮД НЭГЭН ТАЙЗНАА
Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин, Төрийн шагналт хөгжмийн зохиолч Дагвын Лувсаншаравын мэндэлсний 100 жилийн ойд зориулсан хүндэтгэлийн гала тоглолт энэ сарын 27-нд 19.00 цагт Соёлын төв өргөөнд болно.
Энэ үдэш ДБЭТ-ынхан бүрэн бүрэлдэхүүнээрээ, Улаанбаатар театр, Төрийн шагналт, Ардын жүжигчин Ц.Сэвжидийн нэрэмжит бүжгийн чуулгынхан уран бүтээлээ толилуулах юм. Мөн Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин А.Долгор ая дуугаа өргөж, түүний сод бүтээлүүдийг эгшиглүүлэх юм. Тасалбарын хувьд суудлын эгнээ, байршлаас хамаараад 50-70 мянган төгрөгийн үнэтэй аж.
“НЮАНС” ХАМТЛАГ 25 ЖИЛИЙН ОЙН ТОГЛОЛТОО ТОЛИЛУУЛНА ГЭВ
Монголын анхны попера хамтлаг “Нюанс” уран бүтээлийн 25 жилийн ойдоо зориулсан хүндэтгэлийн тоглолтоо энэ сарын 21-нд 18.00 цагт Соёлын төв өргөөнд хүргэнэ. Тус хамтлаг 2001 оноос эхлэн попера (operatic pop) урсгалыг Монголын хөгжмийн урлагт таниулж, дэлхийн болон үндэсний сонгодог бүтээлүүдийг өөрийн өнгө төрхөөр толилуулсаар ирсэн. Ойн тоглолтын үеэр ч тэд шилдэг бүтээлүүдээсээ сонгон хүргэхээр төлөвлөжээ.
Тайзнаа “Анир” поп оркестр, Урлагийн гавьяат зүтгэлтэн, удирдаач Б.Алтанхуяг, Гавьяат жүжигчин Ө.Уянга, Д.Отгонжаргал, хийлч Ч.Дэлгэрцэцэг, “Moondance” хамтлагийн уран бүтээлчид нэгдэх юм. Тасалбарын үнэ 45-89 мянган төгрөг.