Төрийн шагналт яруу найрагч Н.Нямдорж,
Төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн Б.Явуухулан, нэрт найрагч Ц.Цэдэнжав нар
Г.Батжавхлан
Төрийн шагналт яруу найрагч Нямбуугийн Нямдорж байгалийг зүгээр л өгүүлэн зурагласан нэгэн биш билээ. Тэрбээр чулууг хүний ой санамжтай, чоныг өөрийн орших эрхтэй, нарсыг түүхийн гэрчлэгч, гол горхийг өөр өөрийн өнгө дуу, хувь тавилантай болгож чадсан найрагч юм. Түүний яруу найрагт хүн ба байгаль хоорондын холбоосыг тайлбарлаад зогсохгүй, байгаль хүнийг эргүүлэн тайлбарладаг зүй тогтолт төлөв оршдог. Чухам энэ харилцан хөдөлгөөнөөс “чулуунд шилжсэн хүн, хүнд шилжсэн байгаль” хэмээх өгүүлэмжид гол санаа төрснөө тэмдэглэсү.
Ертөнцийн утга, дуу хоолой, ой санамж зөвхөн хүнд хадгалагдах ёстой юу? гэдэг асуултыг өөртөө тавиад энэ чиглэлээр “Метаверс ба уран зохиол” номдоо эрэл хайгуулын өгүүллүүддээ оюун дүгнэлтээ шигтгэж явнам. Миний эл асуултын хариултын нэгэн өнцөг нь магадгүй яруу найргийн ертөнцөд байж болох юм. Яруу найрагч Н.Нямдоржийн шүлгүүд энэ асуултад онолын нэр томьёогоор бус, чулуу, хүлэг, чоно, нарс, мөчир, агуй, усны амьд дүрээр хариулсан байж болох мэдрэмж надад бий. Харагдаж байсан зүйл хөдөлгөөн, дурсамж, хувь заяа бүтээж, шүлгийн амьд дүр болон хувирч байна. Ингэхдээ хүн алга болдоггүй бөгөөд байгалийн олон биед шингэн өөрийгөө шинээр таних боломж бүрдэх ажээ.
ХҮН ЧУЛУУ БОЛОХ, ЧУЛУУ ХҮН БОЛОХ НЬ
Нямдоржийн бүтээлд метафор нэг чиглэлд явдаггүй. “Хүн чулуу няцална” болон “Хүн чулуу” хэмээх хоёр шүлгийг зэрэгцүүлэн уншихад хүн ба чулууны шинж хоёр тийш солбилцоно. 1965 оны шүлэгт чулуу эхлээд яргаллын бодит хэрэгсэл болох ч удалгүй хүний хатуурсан сэтгэлийн шинж болж хувирч байна.
Чулуу чулуугаа няцална
Чулуу хүнийг няцална
Хүн хүнээ няцална
Хүн чулууг няцална
Н.Нямдорж “Хүн чулуу няцална”
Энэ дөрвөн мөртөд хэн үйлдэж, хэн өртөж буй байр тасралтгүй солигдох бөгөөд байгалийн мөргөлдөөн хүний бие рүү, дараа нь нийгэм рүү шилжиж, эцэстээ эсэргүүцэл болон эргэн ирж байна. Гэвч чулууг няцалж буй хүн өөрөө “чулуу шиг зүрхтэй” болсон бол ялагч хэн бэ? Хүн материалыг дийлсэн ч хүн чанараа алдсанаараа чулуу болон хатуурчээ. Шүлгийн хүч нь хүчирхийллийг гаднын нэг үйл явдал бус, үйлдэгчийн дотор орж тогтдог хувирал болгон харуулсанд бий.
1977 онд бичсэн “Хүн чулуу” шүлгийн хөдөлгөөнийг анзаарвал эсрэг чиглэлтэй аж. Хүн чулуун хөшөө хүйтэн материал хэвээр үлдэхгүй, амьд хүний бүхэл намтрыг багтаах боломжит оршихуй болов.
Энэ чулуун хүнд
Эв дүй, ов мэх, эрмэлзэл, туйлын зорилго,
Эцэг эх, садан төрөл, эхнэр хүүхэд...
Амьд хүний дотор юу багтдаг билээ?
Н.Нямдорж, “Хүн чулуу”,
Хүн гэдэг сонин “амьтан” аж. Нэг шүлэгт чулуу болон хатуурч, нөгөөд нь чулуу хүн болон амилж буй. Метафор энд үгийг гоёх хэрэгсэл биш, “аль нь үнэхээр амьд вэ” гэсэн асуулт тавих сэтгэлгээний механизм болж байна. Хүн дүртэй бүхэн хүнлэг биш, амьгүй мэт зүйл ч хүний түүх, гуниг, хайр, зорилгыг хадгалж чаддаг ажээ. Энэ хоёр шүлэг нийлээд Н.Нямдоржийн яруу найргийн үндсэн хөдөлгөөнийг бэсрэгхэн үзүүлдэг билээ.
ХҮН БОЛ АГУЙ
Н.Нямдоржийн “Талын агуй” шүлэгт байгалийн орон зай хүний дотоод ертөнцийг хэмжих хэмжүүр болно. Агуйн харанхуй нь үл мэдэгдэх ухамсар, мөсөн цэвдэг нь хатуурсан сэтгэл, давчуу орон зай нь явцуу бодлыг санагдуулах аж. Гэхдээ тэр давчуу агуйд “улсаа гэсэн уужим сэтгэлтэй” хүмүүс багтаж байсан нь гаднах хэмжээ ба дотоод багтаамжийг урвуулж буй. Харин уудам талд зогссон эрх мэдэлтний дотор давчуу байж болох. Ийнхүү газар зүйн хэмжээ ёс суртахууны хэмжээс болон хувирч байна.
Эндээс “хүн бол агуй” гэсэн философийн томьёолол ургаж байна. Агуй газар дэлхийн биед орших дотоод орон зай байдаг шиг хүн ч харагдах биеийнхээ цаана давхарга, хонгил, мухар, гэрэл, харанхуй бүхий амьд дотоод орон зай. Нэг учрыг нь тайлахад цаанаас нь өөр дурсамж, айдас, хүсэл, сонголт нээгддэг. Хүн гэдэг судлагдаад барагддаггүй “амьтан” хэмээх санаа ийм утгатай бөгөөд түүнийг нэг онол, нэг шалтгаан, нэг тогтсон дүрээр дуусган тайлбарлах боломжгүй.
Гэвч агуй бол хүний сэтгэлийг байгальтай өнгөц адилтгасан зүйрлэл биш. Хүн бол байгалийн гаднаас түүн рүү эргэн очдоггүй бөгөөд хүн түүнээс хэзээ ч гараагүй. Бие нь газар шороо, ус, амьсгал, дулааны үргэлжлэл, ухамсар нь орон зай, улирал, дуу чимээ, амьтан ургамлын дунд бүрэлддэг. Тиймээс байгаль хүний тухай өгүүлж, хүн байгалийн тухай санаж буй нь тусдаа үйл биш. Байгаль хүнээр дамжин өөрийгөө санаж, өөрийн шарх, түүх, хувь заяаг хэлж байна гэлтэй.
Энэ өнцгөөс Н.Нямдорж байгалийг зүгээр хүнчилдэггүй агаад хүний оршихуйг байгалийн биед тараан байршуулдаг ажээ. Түүний шүлгүүдээс чулуунд ой санамж, агуйд дотоод нууц, хүлэгт тэмүүлэл, чононд мөн чанар, нарсанд түүх, мөчирт насжилт, усанд удам угсааны үргэлжлэл шилжин хадгалагддаг зүй тогтол мэдрэгдэж байна. Үүний хариуд тэд хүнийг өөрийн хэмжүүрээр дахин тайлбарлах шиг. “Чулуунд шилжсэн хүн” ба “хүнд шилжсэн байгаль” гэдэг нь хоёр эсрэг санаа бус, нэгэн бүхэл оршихуйн доторх харилцан урсгал юм.
ХҮЛЭГ БА ЧОНО МӨН ЧАНАРТАА ҮНЭН ҮЛДЭХҮЙ
“Хүлгийн үхэл” гэж шүлэг нэгэн хурдан хүлгийн алсаас айсуй дүрээр эхэлж байна. “Торойсоор товойсоор” гэсэн авиа, дүрсний давталт хүлгийг улам ойртуулж, барианы хүлээлт бий болгож байна. Гэвч хөдөлгөөний оргилд хүлэг хагас замд унаж, морьдын төвөргөөн цааш үргэлжилнэ.
Тоостойхон замаар
Торойсоор товойсоор
Тасалж, хагасхан замаас нь эргүүлсэн мэт
Тасархай хол ...
...Адуун сүргийн тэр манлай гэнэт
Амьсгал хураав шүү ...
Н.Нямдорж, “Хүлгийн үхэл”,
Эмгэнэл нь зөвхөн үхсэнд биш, нийт хөдөлгөөн үргэлжилж байхад нэг хувь заяа түүнээс тасарсанд оршиж байна. Шүлгийн төгсгөлд хүлгийг марафоны мэдээ хүргэгч, Сент-Экзюпери, “Восход”-ын жолооч Володятай зэрэгцүүлж урлажээ. Нутгийн нэгэн уралдаанд эндсэн хүлэг ийн хүн төрөлхтний зорилгын замд тасарсан амьдралуудын дүр болж тэлэв. Яруу найрагч эгэл нэг баримтыг дэлхийн түүхтэй гоёлын байдлаар залгаагүй, зорилгын зүг хөдөлж яваад замдаа тасрах нэгэн ижил хувь заяаг өөр биед таниулжээ. Гэтэл... “Чонын үхэл”-д үхлийг өөрөөр илэрхийж байна. Хөгширсөн чоно амьсгалтай боловч мөр таних, сүрдүүлэх, өөрийн төрлийн “эрмэгээр” амьдрах чадвараа алдсан аж.
...Хөх чоно
Чоно явснаа мартжээ
Тэр нэрийг нэрлүүлж
Чонын явдлаар явах
Тэнхэл ч үгүй ...
Н.Нямдорж, “Чонын үхэл”,
“Чоно явснаа мартжээ” гэдэг нь жирийн мартагдал биш, мөн чанараасаа тасарсны шинж болж байна. Биеийн үхлээс өмнө нэр, зан, чадвар хоосрох төлөв бий болов. Энэ асуудал хүнд ч тохиолддог билээ. Хүн амьд явахдаа хүн чанараа алдаж болох уу? Угтаа бол “Хүн чулуу няцална” шүлгийн хатуурсан зүрх, “Чонын үхэл”-ийн хоосорсон нэр хоёр нэг ёс суртахууны асуудлын хоёр дүр юм.
Харин “Чоно голын чоно”-д амьтныг өөрийн дуу хоолойтой маргагч болгон дүрсэлжээ. Шүлэгт чонын, анчны, зохиогчийн байр суурь зэрэгцэж, аль нэг нь эцсийн үнэнийг дангаар эзэмшихгүй төлөвөөр урласан аж.
Хэрвээ хүн, хүн болон төрсөн буруугүй бол
Хэрхэвч би чоно болон төрсөн буруугүй
Ерийн байгаль намайг
Ертөнцөд үзэн ядахын учир юун!
Н.Нямдорж, “Чоно голын чоно”,
Энэ шүлэгт чоно өөрийн төрлийг сонгоогүй гэдгээ хэлж, хүний оноосон “ад” гэсэн нэрийг буцаан асууж байна. Анчин ч үнэмлэхүй муу дүр биш, өөрийн амь, өөрийн үнэнтэй. Найрагч шүүхийн ганц шийдвэр хэлэхийн оронд зөрчилдсөн дуу хоолойг сонсгож буй. Уянгын “би” ингэж ухарч, хүн бус оршихуйд байр сууриа илэрхийлэх зай гаргаж өгдөг нь Н.Нямдоржийн орчин үеийн шинжийн дотоод гоо зүйн илэрхийлэмжийн төлөв.
НАРС, МӨЧИР, УС-БАЙГАЛИЙН ОЙ САНАМЖ
“Нэг нарсны дууль”-д мод үзэсгэлэнт байгалийн чимэг бус, хүчирхийллийн түүхийг биедээ хадгалсан гэрч болж байна. Унгерний яргалалд дүүжлүүлсэн хүмүүсийн дурсамж нарсны мөчир, хэлбэр, шуугианд үлджээ.
Дуу шиг яруу домогтой
Дух нарс шуугина
Дунд нь ганц нарс
Дууль хүүрнэн дурсана
Н.Нямдорж, “Нэг нарсны дууль”,
Нэг нарс таван нарс нийлсэн мэт харагдах нь ботаникийн сонин хэлбэр төдий биш билээ. Нэг биед олон хүний үхэл, дуу, цаг давхарласны дүр юм. Мод ярихгүй ч шуугина, шуугиан нь дууль, дууль нь түүхэн мэдүүлэг болжээ. Хүний бичсэн архив устаж болох ч байгалийн бие шарх, хэлбэр, домгоороо санаж чадаж байгааг найрагч дотоод зөнгөөрөө уншаад ийн урласан ажээ.
Дөрөвхөн мөртэй “Мөчир” шүлэг энэ санааг улам нягтруулж байна. Навчаа алдсан цулгуй мөчир өвдөж үхэхийн өмнөх өвөг эцгийн хатанги гарыг санагдуулж байна. Энд мөчир хүний биеийн дүрийг авахын зэрэгцээ хүний насжилтыг байгалийн мөчлөгөөр тайлбарлажээ. Намар бол улирал төдий бус, амьдралын төгсгөлийн хугацаа бөгөөд цулгуйрал бол модны ч, хүний ч алдагдлын хэлний илэрхийлэл бөгөөд дүрслэл болжээ.
“Гол горхи” хэмээх шүлэгт сонин өгүүлэмж нуугдан байна. Найман горхи тус бүр өөрийн өнгө, дуу, голдирол, урт богино тавилантай. Монголчуудын “дөрвөн зүг, найман зовхис” гэх орон зайн төсөөлөлтэй холбон уншихад эдгээр нь найман зүгээс ирэх олон урсгал, тавилан мэт сонсогдож байна.
Горхи бүхэн цөм өөрийн өнгө дуутай
Голд хүрэх урт богино тавилантай
Н.Нямдорж, “Гол горхи”,
Энэ шүлгийн бичлэгийн болон мэдрэмжийн гоо зүй тансаг хэмээр давхцаж байна. “Найман утас шиг” гэх зүйрлэл горхиудыг хөгжмийн утас болгож, нийлсэн голыг байгалийн найрал хөгжмөөр илэрхийлжээ. Горхи бүр хувь дуутай ч гол нь хамтын дүр бий болгож байна. Яруу найраг дахь дүрийн нэгэн өвөрмөц шинж нь байгаль дахь горхи өөрөө илэрхийлэмж ажээ. Гэхдээ тэд голд хүрээд нэр, усаа өгнө. Нэгдэхүй нь хүчээ нэмэхийн хамт тусгаар нэрээ алдах эрсдэлтэй. Тэр эрсдэлээ үүрээд нэрээ “гээдэг” шинж нь тод сонсголонт чимээ юм. Нямдоржийн шүлэг бүхэллэг ялгааг арилгадаггүй, өөрийн өнгө, дуу, тавилантай олон урсгалыг зохиролд оруулж байна.
“Онон хатан ээжий”-д Онон мөрөн эхийн бэлэн чимэглэл бус, “өнө холын дурдатгал”, өвгөдийн өлгий, уянгын хүний урьдаас заяасан холбоо болж буй. Голын урсгал ба үе удмын үргэлжлэл нэг цаг хугацаанд нийлж байна. Харин “Шувууд надтай ярилцана”-д шувууд бодлоо хэлж буй ч хүн бүрэн ойлгож чадахгүйгээ хүлээн зөвшөөрч байна.
Хэдэн арван бодлоо шувууд надад шулганана
Хэлэх гэсэн санаагий нь бүрэн ойлгож чадахгүй
Хэлмэрч байхгүй болохоор би баахан зовлоо
Н.Нямдорж, “Шувууд надтай ярилцана”,
“Хэлмэрч байхгүй” гэдэг нь инээдэмлэг атлаа гүн мөр аж. Хүн бол байгалийн төгс орчуулагч биш. Шувуудын ертөнц хүний тайлбараас илүү өргөн хэвээр үлдэж байна. Энд зохиолчийн мэдлэгийн даруу төлөв байдал нь байгалийг захирах бус сонсох ёс зүйг бий болгож буй юм.
ХҮН ЕРТӨНЦИЙН ТӨВ БИШ
Н.Нямдоржийн шүлэг маш энгийн атлаа чухал асуулт тавьдаг төлөв уран бүтээлүүдэд харагддаг билээ. Ер нь хүн л утга, үнэ цэн, дуу хоолойн цорын ганц эзэн үү? “Чоно голын чоно”-д чоно орших эрхээ өмгөөлж байна. “Нэг нарсны дууль”-д мод түүх хадгалж байна. “Гол горхи” шүлэгт ус өөрийн өнгө дуу, тавилантай гэдгийг илэрхийлж байна. “Шувууд надтай ярилцана” шүлэгт хүний мэдлэгийн хязгаар шувууны хэлэнд ирээд тулж байна. Өнөөдөр үүнийг хүн төвт үзлээс цааш харсан, пост хүмүүнлэг уншлага гэж нэрлэж болох ч гол санаа нь энгийн, байгаль бол тайзны чимэг биш, амьдралын хамтран оролцогч юм. Үүнийг бид Н.Нямдоржийн шүлгүүдээс хангалттай олж уншиж мэдэрч чадах билээ.
Энэ бол хүнээс татгалзсан үзэл биш бөгөөд хүнийг ганцаар төв байхаас буулгаж, бусад оршихуйн харилцаанд дахин тодорхойлсон сэтгэлгээ юм. Н.Нямдоржийн уянгын “би” заримдаа ажиглагч, гэрч, ярилцагч, сонсогч болж байна. Н.Нямдоржийн шүлгийн дүрийн тогтолцооны шинэчлэл нь байгалийг дуугаргахад төдийгүй, хүний дууг намсгаж сонсох зай гаргасанд оршино.
Иймээс түүний шүлгийн дүрийг зөвхөн хүн дүрээр хязгаарлаж болохгүй. Чулуу, морь, чоно, нарс, мөчир, агуй, гол мөрөн эхлээд харагдах зүйл болж ирээд, хөдөлгөөн, цаг хугацаа, дурсамж, харилцаа, үнэлэмж, хувь заяа олсноор уянгын дүр болжээ. Дүр гэдэг бэлэн тэмдэг бус, шүлгийн явцад бусадтай харилцан төлөвшдөг оршихуй юм.
ИХ НАЦАГДОРЖ БА Н.НЯМДОРЖ
Энэ жил Их зохиолчийн мэндэлсний 120 жилийн ой тохиож буй билээ. Тиймээс би их зохиолчийн зарим шүлгийн өгүүлэмж, хэлбэрийг эл найрагч Н.Нямдоржийнхтой харьцуулснаа цөөн үгээр илтгэсү. Д.Нацагдоржийн байгалийн уянгад хүн, нутаг, улирал, огторгуй нэгэн бүхэл ертөнц болон нэгддэг. “Миний нутаг”-ийн өргөн газар, ус хувь хүний дууг үндэсний хамтын ухамсартай холбож, “Дөрвөн цаг” байгалийн мөчлөг, малчин ахуй, хүний сэтгэлийн хэмнэлийг зохиролд оруулж байна. Н.Нямдорж энэ уламжлалыг баяжуулж, уг байгалийн бүхэллэгийн доторх чулуу, морь, чоно, мод, ус бүрийг тусгай дуу хоолой, ой санамж, хувь заяатай утгын төв болгон задлан хөгжүүлжээ.
Тухайлбал, хүлгийн дүрээр харьцуулбал ялгаа нь тодорно. Д.Нацагдоржийн “Шувуун саарал”-ын хүлэг орон зайг нээж, зам, хөдөлгөөн, залуу насны эрчийг тээж байна. Н.Нямдоржийн “Хүлгийн үхэл” шүлэгт хүлэг замын дунд унаснаар хөдөлгөөн тасарч, хүрээгүй зорилгын эмгэнэл төрнө. Нэг нь замыг нээсэн хөдөлгөөн, нөгөө нь замд тасарсан хувь заяа. Гэхдээ хоёуланд нь хүлэг хүний хэрэглээний эд бус, монгол хүний оршихуйн хэмнэл, хүсэл тэмүүллийг өөрийн биеэр авч явж байгааг найрагчид өөр цаг хугацаанд урласан билээ.
Д.Нацагдоржийн уянгын ухамсар дотоод ертөнцөөс эх орон, огторгуй, хүн төрөлхтөн рүү дээш тэлдэг бол Н.Нямдоржийнх байгалийн олон биед хэвтээ тархан байрлажээ гэж товчлон хэлж болно. Нэг нь нэгдмэл бүхэллэгийн сүр хүчийг байгуулж, нөгөө нь тэр бүхэллэгийн доторх олон өөр дуу хоолой буйг сонсгож байна. Тиймээс Н.Нямдорж Д.Нацагдоржийн хүн-байгаль-эх орны нэгдмэл уламжлалыг тасалсан бус, олон төвт оршихуйн харилцаа болгон шинэчлэв.
БАЙГАЛЬ ХҮНЭЭР ӨӨРИЙГӨӨ САНАДАГ
Н.Нямдоржийн яруу найргийн үнэ цэнийг байгалийн сайхан зураглалаар төсөөлж, тогтоож болохгүй. Тэрээр нэгэн агшныг хөдөлгөөн, зөрчил, цаг хугацаатай болгож жижиг өгүүлэмж бүтээж, нутгийн эгэл баримтыг хүн төрөлхтний хувь заяанд хүргэн тэлж, метафорыг хүн ба байгалийн шинжийг харилцан солилцуулах механизм болгосон байна. Улмаар нэг төвт уянгын “би”-г ухрааж, амьтан, ургамал, газар усанд дуу хоолой, ой санамж, нэр төр, хувь заяаны эрх олгосон нь Н.Нямдоржийн яруу найргийн дотоод хөгжлийн мөн чанарын ач холбогдол юм.
Түүний монгол сэтгэлгээ ч “байгальд хайртай” гэсэн ерөнхий магтаалаар хязгаарлагдаагүй. Хүн орчноо эзэмших объект гэж харахгүй, нэр өгч, ярилцаж, удам түүхээ даатгаж, өөрийн биеийн үргэлжлэл гэж мэдэрч байгааг найрагч маань бүтээлдээ шингээжээ. Тиймээс байгаль хүний гаднах тайз биш, дотор үргэлжилсэн оршихуй юм. Хүн ч байгалиас салангид хаан бус, түүний нэг дуу, нэг дурсамж, түр зуурын хэлбэр юм.
Эцэст нь Нямдоржийн бүтээлийг нэг өгүүлбэрт зангидвал, байгалийг хүнчилсэн төдий бус, судлагдаад барагддаггүй хүний дотоод оршихуйг чулуу, агуй, хүлэг, чоно, мод, мөчир, усны дүрд задлан байршуулжээ. Ингэснээр хүний ухамсар, ой санамж, нэр төр, хувь заяа байгалийн олон биед тархан оршиж, Монголын яруу найрагт хүнээс цааших дуу хоолойн орон зай нээгдсэн байна.
Хүн бол агуй. Түүний харанхуйд байгаль хадгалагдаж, гэрэлд нь түүх амилна. Харин байгаль бол хүний гаднах орчин биш, чулуу болон хатуурч, ус болон урсаж, мод болон санаж, шувуу болон ярьж буй хүний өргөтгөсөн оршихуй. Н.Нямдоржийн шүлэг бидэнд үүнийг сануулж байна. Байгаль хүнээр дамжин өөрийгөө санадаг, хүн байгалиар дамжин өөрийгөө таньдаг ажээ.