Урчуудын эвлэлийн гишүүн, Монголын арьсан урлагийн “Хүрэл буга” нийгэмлэгийн уран бүтээлч Б.Нармандах анхны бие даасан “Оршихуйн мөр” үзэсгэлэнгээ олны хүртээл болголоо. Уран зургийн галерейн хоёрдугаар давхарт энэ сарын 23-ныг дуустал толилуулах тус үзэсгэлэнд арьсан урлалын өвөрмөц бүтээлүүдийг дэлгэжээ. Бидний өдөр тутамдаа тэр бүр анзаардаггүй арьс хэмээх материал уран бүтээлчийн гарт хэрхэн урлаг болон хувирдгийг эл үзэсгэлэнгээс тольдох боломжтой. Тэрбээр үлэг гүрвэлийн чулуужсан мөр, говийн хөрс шорооны хээ, цэцэг навч, амьтдын дүр төрх, хөдөлгөөнийг арьсан дээр буулгаж, байгалийн олон мянган жилийн түүхийг дүрслэх урлагийн хэлээр хүүрнэсэн аж.
Б.Нармандах 2015 онд Соёл, урлагийн их сургуулийн Дүрслэх урлагийн сургуулийг арьсан урлалын чиглэлээр төгсөж, чимэглэлийн зураач мэргэжил эзэмшжээ. Тэрбээр 2016 оноос “Хүрэл буга” нийгэмлэгт, 2022 оноос Урчуудын эвлэлд тус тус нэгдэн, уран бүтээлээ туурвиж байна. Уламжлалт арга барилыг орчин үеийн уран сайхны сэтгэлгээтэй хослуулдаг тэрбээр дотоод, гадаадын олон хамтарсан үзэсгэлэнд оролцож байв. Түүний бүтээлүүдийг Монголын Уран зургийн галерей болон ОХУ-ын Эрхүү хотын В.П.Сукачёвын нэрэмжит Урлагийн музейн сан хөмрөгт хадгалдаг аж.
“Оршихуйн мөр” үзэсгэлэн байгаль, хүн, цаг хугацааны салшгүй холбоог эргэцүүлэхэд хөтөлнө. Уран бүтээлч эртний чулуужсан олдвороос өнөөгийн амьдрал хүртэлх урт түүхийг арьсны өнгө, гадаргууг ашиглан товойлгон урлах аргаар илэрхийлжээ. Говийн хөрс шорооны өнгө, чулуулаг тогтцын хээ, байгалийн элэгдлээс үүссэн дүрс хэлбэр түүний бүтээлийн гол “эх сурвалж” болсон гэнэ.
Олон мянган жилийн турш байгальд хадгалагдан чулуужсан биетийг уян зөөлөн арьсан дээр товойлгон дүрслэхэд эсрэг тэсрэг хоёр шинж огтлолцоно. Нэг нь цаг хугацааны уртад хэлбэрээ хадгалсан хатуу биет, нөгөө нь хүний ур дүйгээр шинэ төрх олж буй материал юм. Энэхүү эсрэгцэл өнгөрсөн ба одоо, байгалийн үлдэц ба хүний бүтээлч сэтгэлгээний хооронд гүүр болж буй аж. Өөрөөр хэлбэл, арьсан дээрх товгор хээ, дүрслэл нь байгалийн бүтээлийг хүний гараар дахин амилуулж, далд нуугдсан шинж төрхийг нь тодотгосон мэт санагдана.
Гэхдээ уран бүтээлчийн сэдэв эртний олдвор, говийн тогтцоор хязгаарлагдахгүй. Эл үзэсгэлэнд далай тэнгис, өв уламжлал, үлэг гүрвэл, цэцэг навч, эмэгтэй хүний дүр төрхийг харуулсан олон бүтээл дэлгэжээ. Эдгээрээс арьсыг урлагийн өвөрмөц илэрхийллийн хэрэгсэл болгон ашиглаж, олон талт агуулгыг хэрхэн буулгасныг харах боломжтой. Зарим бүтээлд байгалийн эртний түүх, цаг хугацааны ул мөр шингэсэн бол бусдад нь амьдралын хэмнэл, гоо зүй, өв уламжлалын өнгө төрх тодорно. Ийнхүү арьсан урлалаар дамжуулан байгалийн тогтоц, амьд ертөнцийн дүр төрх, соёлын өвийг уран сайхны өвөрмөц шийдлээр илэрхийлжээ.
“Оршихуйн мөр” үзэсгэлэнгийн онцлох хэсгийн нэг нь Уран зургийн галерейн хэрэгжүүлж буй “Мэдрэхүйн төсөөлөл” төсөл юм. Уг төслийн хүрээнд галерейн сан хөмрөгт хадгалдаг, манай орны хосгүй үнэт зургаан бүтээлийг Б.Нармандах арьсан урлалын тусгай техникээр дахин урлажээ. Тэдгээрийн дунд “Ажлын дараа”, “Азарганы ноцолдоон”, “Өвгөн хуурч” зэрэг бүтээл бий. Эх зургийн дүрслэлийг арьсан дээр хагас товгор хэлбэрээр буулгасан нь үзэгчдэд гараараа тэмтэрч, дүрс, хэлбэрийг нь мэдрэх боломж олгож байна. Мөн аудио тайлбартай хослуулснаар харааны бэрхшээлтэй хүмүүс дүрслэх урлагийг сонсох, хүрэлцэх мэдрэхүйгээрээ дамжуулан олгох нөхцөл бүрдүүлжээ.
Урлагийн бүтээлийг нүдээр үзэж, өнгө будаг, дүрслэлийг нь ажиглах нь бидний хувьд энгийн үзэгдэл. Харин хурууны өндгөөрөө товгор хээ, гадаргуугийн ялгааг мэдэрч, аудио тайлбар сонсон бүтээлийн утга агуулгыг төсөөлөх нь урлагтай харилцах өөр нэгэн арга юм. Ийнхүү “Мэдрэхүйн төсөөлөл” төсөл дүрслэх урлагийг зөвхөн хараагаар хүртэх ойлголтоос давж, соёлын өвийг илүү олон хүнд ойртуулахыг зорьжээ.
Дэлхийн нэр хүндтэй музейнүүд ч урлагийн бүтээлийг харааны бэрхшээлтэй болон сул хараатай хүмүүст хүртээмжтэй болгохын тулд ижил төстэй арга нэвтрүүлж байна. Тухайлбал, Испанийн Прадо музейн “Touching the Prado” төсөлд алдартай зургуудыг товгор гадаргуутай хувилбараар бүтээж, аудио тайлбар, брайл үсэгтэй хослуулжээ. Харин Британийн музейд баримал тэмтэрч үзэх аялал, аудио тайлбар, товгор дүрслэл бүхий гарын авлага санал болгодог. Өөрөөр хэлбэл, хүртээмжийг нэмэгдүүлэхэд зөвхөн тухайн бүтээлийн талаар мэдээлэл өгөхөөс гадна дүрс, хэлбэр, орон зайн онцлогийг биеэр мэдрэх боломж олгохыг чухалчилж байна.
Б.Нармандахын бүтээл уламжлалт гар урлалын өвийг орчин үеийн урлагийн илэрхийлэл, шинэ хэрэглээтэй холбодгоороо онцлог. Мал аж ахуй эрхэлдэг манай орны хувьд арьс, шир нь эртнээс ахуйн хэрэглээнд ашиглаж ирсэн түүхий эдийн нэг. Гэвч уг материалаар эдлэл урлахаас гадна байгалийн тогтоц, амьд ертөнц, хүний дотоод мэдрэмжийг илэрхийлсэн бүтээл туурвиж болдгийг энэхүү үзэсгэлэн харуулна. Материалын үнэ цэн зөвхөн бат бөх, эдэлгээтэй чанараар хэмжигдэхгүй. Уран бүтээлчийн шингээсэн санаа, урлах арга барил, сонгосон дүрслэлээс хамааран байгалийн түүх, хүний дурсамж, соёлын өвийг тээсэн урлагийн бүтээл болон хувирдаг гэдэг.
“Оршихуйн мөр”

Зураач уг бүтээлээрээ амьдралын үүсэл, цаг хугацааны урсгал болон байгаль дэлхийн мөнхийн холбоог илэрхийлэхийг зорьжээ. Эртний амьтан, ургамал, шавжийн дүрслэл нь нэгэнт эзгүйрсэн эртний ертөнцийн дурсамж төдийгүй амьдрал оршин тогтнож ирсэн урт удаан түүхийн бэлгэдэл юм. Нэгэн цагт оршин байсан бүхэн байгаль дэлхийд өөрийн ул мөрөө үлдээж, тэрхүү ул мөр нь дараагийн амьдралын эх үүсвэр, суурь болсоор иржээ.
Энэхүү бүтээлийн гол санаа нь оршихуй гэдэг зөвхөн амьд байх тухай биш, харин цаг хугацаанд өөрийн мөрөө үлдээж, амьдралын тасралтгүй урсгалд хувь нэмрээ оруулах явдал гэдгийг харуулахад оршино. Зураач өнгөрсөн, одоо, ирээдүйг холбосон байгалийн энэхүү нандин хэлхээгээр дамжуулан эх дэлхийгээ хайрлан хамгаалах, амьд бүхний үнэ цэнийг мэдрүүлэхийг зорьсон гэнэ.
“Говь”

Уг бүтээлд говь нутгийн сүр хүч, эртний амьдралын ул мөр болон байгалийн мөнхийн хувьслыг нэгэн цогц дүрслэлд шингээжээ. Хад чулуу, эртний амьтан болон уламжлалт хээ угалзын зохицол нь говийн гүнд нуугдах цаг хугацааны түүх, амьдралын тэсвэр хатуужил, эх дэлхийн мөнхийн оршихуйг илтгэн харуулна.
“Хувьсал”

Эл бүтээлээрээ уран бүтээлч амьдралын тасралтгүй өөрчлөлт, байгалийн зохицол, оршихуйн мөн чанарыг илэрхийлжээ. Эрт цагт далайн гүнд амьдарч байсан амьтдын дүрслэлээр дамжуулан цаг хугацааны эрхээр амьдрал хэрхэн өөрчлөгдөж, шинэ орчинд дасан зохицох шаардлага тулгардгийг харуулсан байна. Өөрөөр хэлбэл, өөрчлөлтийг төгсгөл бус, амьдралын үргэлжлэл, оршихуйн шинэ хэлбэр хэмээн үзжээ.
“Хүүгийн ертөнц”

Тэрбээр бага хүү Б.Очбаярынхаа 3-12 насандаа зурсан бүтээлүүдийг арьсан дээр буулган урлажээ.
У.Сүрэн