ЮНЕСКО-гийн яаралтай хамгаалах шаардлагатай соёлын биет бус өвийн жагсаалтад бүртгүүлсэн “Жангар” туулийг Ховд аймгийн өвлөн уламжлагчид ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнд өчигдөр хайллаа. Тэд 1959 онд торгуудын нэрт жангарч М.Пүрэвжалын хайлж, дуу бичлэгт үлдээсэн туульсын эх хувилбарын ая дан, эртний үг хэллэгийг сэргээн толилуулсан байна. Тодруулбал, ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн эрдэмтэн, судлаачид 1959 онд Ховд аймагт ажиллах үеэрээ торгуудын нэрт бийч, дууч, жангарч М.Пүрэвжалын хайлсан “Жангар” туулийг дуу хураагуурт бичиж авчээ. Уг бичлэгийг хожим урлаг судлаач Ж.Энэбиш Үндэсний төв архивт хадгалуулсан аж. Улмаар Ховд аймгийн Соёл, урлаг, аялал жуулчлал, залуучуудын газрын дарга, соёл судлаач М.Пүрэвхүүгийн санаачилгаар архивын бичлэгийг олж авч, өвлөн уламжлагчдад эзэмшүүлэх ажил эхэлжээ. Ингэхдээ Соёлын гавьяат зүтгэлтэн, төрийн туульч А.Балдандоржийн удирдлагад тус газрын мэргэжилтэн Б.Уртнасангийн боловсруулсан тусгай хөтөлбөрөөр өвлөн уламжлагчдыг сургасан байна. Ийнхүү Ховдын туульчид М.Пүрэвжалын хайлсан ая дан, эртний үг хэллэгийг сэргээн эзэмшиж, нутгийнхаа тууль хайлах уламжлалыг дахин нутагшуулжээ.

Өвлөн уламжлагчид өнөөдөр Соёлын өвийн үндэсний төвд мөн тууль хайлж, эрдэмтэн, судлаачдад өвийн онцлог, сэргээн уламжилсан арга туршлагаа танилцуулах юм. Мөн энэ үеэр “Жангар туулийг эртний баруун монгол аялгуугаар сэргээсэн нь” сэдэвт хэлэлцүүлэг зохион байгуулах гэнэ. Энэ нь “Жангар” туулийн язгуур хэв шинж, уламжлалт өвийг судлан баримтжуулах, өвлөн уламжлагчдын мэдлэг, ур чадварыг хадгалан хамгаалах, олон нийтэд сурталчлан таниулах, залуу үед өвлүүлэхэд чиглэж буйгаараа онцлогтой. Хэлэлцүүлэгт Ховд аймгийн урианхай, торгууд зэрэг угсаатны дунд өнөөг хүртэл уламжлагдан ирсэн баатарлаг тууль, хөгжмийн уламжлал, язгуур урлагийн өвийг судлах, баримтжуулах, түгээн дэлгэрүүлэх чиглэлээр олон жил ажилласан өвлөн уламжлагчид болон аймгийн холбогдох байгууллагын төлөөлөл оролцох юм.
Э.Сүйлэн

